Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ярихдаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 76 вагон буюу 4560 тонн шатахуун хүрэх өртөөд нь хүргэж, Улаанбаатар хотын 218 шатахуун түгээх станцад 1950 тонныг түгээж, орон нутгийн нийт 56 шатахуун түгээх станцад 600 тонн автобензин түгээлээ. Хоёр хоногт нийслэлд 90 хувьтай шатахуун түгээх станцуудыг ажиллуулах ажлыг холбогдох газрууд хамтран хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 200-300 автомашин 2-3 хоног дугаарласан нөхцөл байдал харьцангуй зөөлөрч, дугаарлалт багассан. Түгээлт хэвийн хэмжээнд очих нөхцөл байдал өнөөдөр бүрдэж байна” гэв.
Хөдөө орон нутагт шатахууны тасалдал хэвээр байгаа бөгөөд үнийн хөөрөгдөл гаарсан. Тэгвэл Шуурхай штабаас энэ долоо хоногийн сүүлчээр орон нутгийн сумдад онцгой анхаарлаа хандуулах аж. Сумдад олон хоног шатахуун түгээх станцууд нь ажиллаагүй бөгөөд олон суманд шатахуун түгээх боломжгүй нөхцөл байдал үүсэж, зогсжээ. Тиймээс өнөөдрийн Шуурхай штабын хурлаар шатахуун импортлогч томоохон аж ахуй нэгжүүдэд хөдөө орон нутаг руу нийлүүлэлтээ нэмэх чиглэл өгсөн байна.