“Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдааг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо. Тус арга хэмжээ есдүгээр сарын 27-нд дуусахаар төлөвлөгдөж байв.
Ерөнхий сайд Н.Учрал худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр худалдаа, үйлчилгээний зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлснийг мэдэгдэв.
Мөн Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгийг хөдөө аж ахуйд зарцуулах, улсын төсвөөр төмс, хүнсний ногоо болон 100 мянган тонн улаан буудай нөөцлөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд хэлжээ. Татварын хуулийн өөрчлөлтийн үр дүнд ирэх онд 15 мянган ажлын байр бий болно гэсэн нь түүний тооцоолол юм.
Энэ жил 21 дэх удаагаа болж буй худалдаанд нийслэл болон 21 аймгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
