“Увс–2026” гамшгийн үеийн хариу арга хэмжээний сургалтын хүрээнд Увс аймаг болон баруун бүсийн бусад аймгийн удирдах бүрэлдэхүүн штабын дадлага хийлээ.
Дадлагад Увс аймгийн бүх шатны удирдлага, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын төлөөлөл, мөн Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцов.
Оролцогчид өгөгдсөн нөхцөл байдалд шуурхай штабын ажлыг зохион байгуулах, мэдээлэл боловсруулж дамжуулах, үүрэг гүйцэтгэлийг төлөвлөх, баримт бичиг болон зураглал боловсруулах ажиллагааг туршсан байна. Энэ хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, бүсийн байгууллагуудын уялдааг сайжруулахад анхаарчээ.
Дадлагыг цахим системээр явуулсан нь шийдвэр, хариу арга хэмжээний үр дүнг тухайн нөхцөлд нь харж, үнэлэх боломж олгосон гэж зохион байгуулагчид мэдээлэв. Баруун бүсэд газар хөдлөлт, зуд, үер, хүчтэй салхи болон шуурганы эрсдэл байгааг сургалтын мэдээлэлд онцолжээ.
