Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч, ахлах дэслэгч Д.Бат-Од онцгой байдлын албанд 16 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр 2010 онд Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлжээ. Салааны захирагчийн туслах, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилласны дараа 2026 оны есдүгээр сарын 1-нээс Шуурхай удирдлагын төвийг удирдах болсон байна.

Шуурхай шийдвэр, нарийн зохион байгуулалт

Түүний хариуцсан төв гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийг шуурхай хүлээн авч, нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай хүч хэрэгслийн тооцоо гаргаж, байгууллагуудын ажиллагааг уялдуулдаг.

Д.Бат-Од БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Инженерийн их сургуульд сүлжээний инженерээр суралцахдаа 74 орны 180 орчим офицертой хамтран мэдлэг, туршлагаа дээшлүүлжээ.

Аавын захиас амьдралын зарчим болсон

Түүний аав Л.Даваасүрэн Онцгой байдлын албанд 28 жил аврагч-гал сөнөөгчөөр ажилласан байна. “Өөрийнхөөрөө л байгаарай” гэсэн аавынхаа захиасыг хүн чанар, зарчим, хүлээсэн үүрэгтээ үнэнч байх утгаар ойлгож, ажил амьдралынхаа зарчим болгосноо Д.Бат-Од ярив.

“Офицер хүн гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл бүрдээ хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Хариуцлага намайг үргэлж өөрийгөө хөгжүүлж, зогсолтгүй урагшлахад хөтөлдөг” гэж тэрбээр хэллээ.

Тэрбээр залуу алба хаагчдад эрсдэлийг үл тоохыг бус, нөхцөл байдлаа зөв үнэлж, мэдлэг ур чадвартаа тулгуурлан аюулгүй, зоригтой ажиллахыг зөвлөжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн