Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр — Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Ерөнхий сайд сумын эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл амьдралын хэвшлийг түгээх үндэс болохыг онцлов. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлсөн бөгөөд нийт маягтын тоог 40 хувиар бууруулахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн орон нутагт эмч, сувилагчдыг тогтвортой ажиллуулахын тулд цалин, нийгмийн баталгаа, ажлын орчин, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг цогцоор дэмжих шаардлагатай гэж мэдэгдэв.

Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлогыг сум, тосгонд хэрэгжүүлж, иргэдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахаар төлөвлөжээ.

Чуулганаар анхан шатны тусламжийн чанар, хүүхдийн эрт илрүүлэг, хөдөөд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар болон тогтвортой ажиллах нөхцөлийг хэлэлцэв. Улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн 307 төв, сумын зургаан нэгдсэн эмнэлэгт 8560 эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн