Монгол улс AI-г бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгож ашиглана

Монгол Улс, Панам Улсын Засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран “Риогийн гурван конвенц болон үндэсний хөгжлийн төлөвлөлтийн уялдааг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.  

Хэлэлцүүлгээр AI ашиглан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын бодлогын уялдааг хэрхэн сайжруулахыг хэлэлцэхээс гадна бодлого, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг илүү уялдуулж, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх боломжийг судлах, цаашид энэ аргачлалыг бусад улс, түнштэй хамтран хөгжүүлэхийг зорьж байна.  

БОУАӨ-ийн Дэд сайд Б.Мөнхтамир оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “AI нь бодлого боловсруулагч болон орон нутгийн иргэдийн мэдлэгийг орлох зүйл биш. Харин бодлого хөтөлбөрүүд хоорондоо хэрхэн уялдаж, хаана ямар хамтрал чухал, мөн ямар зөрчил байгааг тодорхойлоход туслах хэрэгсэл гэж үзэж байна. Байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай, олон янзын экосистемтэй Монгол Улс хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад өгөгдөл, технологийг илүү ашиглах шаардлагатай. Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”, түүний үндсэн гурван санаачилгын нэг болох Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга, мөн “Ногоон дата төв”-ийн төсөл нь үүнтэй уялдана. Бид Панам, НҮБХХ, бусад түнштэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өнөөдрийн хэлэлцүүлгийг бодит ажил болгох хүсэлтэй байна” хэмээв.  

Тэрбээр “Монгол Улс AI технологийг бодлого боловсруулагчдыг орлох технологи бус, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийх ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана” гэдгийг онцоллоо.

Монгол улс AI-г бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгож ашиглана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн