Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек болон Чолпон-Ата хотноо үргэлжилж байна. Наадмын үеэр тус улсын Иссык-Куль нуурын эрэгт “Рух Ордо” соёлын төвд “Нүүдэлчдийн төрөл” уламжлалт хөгжмийн олон улсын наадмыг энэ сарын 2-6-нд зохион байгуулав.
Тус наадамд дэлхийн 38 улсын шилдэг хөгжимчид өрсөлдсөнөөс Монгол Улсын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр нүүдэлчдийн эртний хөгжмийн зэмсэг Монгол уламжлалт хэл хуур, алтай ятга, хүн хөгжмийн хоршлын “Монголын цуурай” бүтээлээрээ оролцож “Шилдэг хөгжимчин” буюу тусгай байрт шалгарчээ. Наадмын үеэр тэрбээр Киргизийн уран бүтээлчтэй хамтарсан бүтээлээ үзэгчдэд хүргэсэн байна.
Тэрбээр хөөмий болон орчин үеийн битбокс урлагийг хослуулсан “Хөөмийбит” (Khoolmei-beat) урсгалыг үндэслэгч бөгөөд Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэхүү соёлын томоохон наадамд монгол үндэсний язгуур урлаг, хэл хуур, хөөмийн өв соёлоо дэлхий дахинд ийнхүү сурталчлан таниулжээ.
Тодруулга: Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, соёлыг сэргээх, хадгалж хамгаалах, дэлхий дахинд сурталчлах зорилготой олон улсын спортын болон соёлын наадам юм.
Төв Азийн “Олимп” гэгддэг тус наадмыг анх Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар 2012 онд санаачилж, 2014 оноос хоёр жил тутамд нүүдэлчин ард түмний уламжлалт соёл, өв уламжлал, үндэсний спортыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
Энэхүү наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, нүүдэлчин түмний түүх, угсаатны зүй, соёл болон шинжлэх ухааныг нэгтгэсэн гурван гол тулгууртай арга хэмжээ юм. 2021 онд тус наадмыг ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн хамгаалалтын шилдэг туршлага”-ын бүртгэлд албан ёсоор оруулсан байна.
Монгол Улс тус наадамд нүүдэлчин соёлт үндэстний хувьд анхнаас нь эхлэн идэвхтэй оролцож, морины уралдаан, сур харваа, бөхийн төрлүүдэд тогтмол дээгүүр амжилт үзүүлж ирсэн.
-2014 онд Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-Ата хотноо 19 орны 583 тамирчин спортын 10 төрлөөр анх удаа зохион байгуулсан.
-2016 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотод болж, оролцогч орны тоо, спортын төрлийн цар хүрээ нэмэгдэж 62 орны 1,200 гаруй тамирчин 26 төрөлд оролцжээ.
-2018 онд Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-Ата хотноо болж, энэ үеэс “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-ыг бусад улс оронд зохион байгуулах уламжлал эхэлсэн юм.
-2020 онд цар тахлын улмаас хойшлогдон, 2022 онд Бүгд Найрамдах Турк Улсын Изник хотноо зохион байгуулсан. Энэ нь тус наадам анх удаа Төв Азиас гадна зохион байгуулсан түүхэн үйл явдал болсон бөгөөд дэлхийн 102 орны 3,000 гаруй тамирчин оролцжээ.
-2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, дэлхийн 89 орны 2,500 гаруй тамирчин үндэсний спорт, морьт харваа болон хүчний төрлүүдээр өрсөлдсөн байна.
-2026 онд түүхэн өлгий нутаг Бүгд Найрамдах Киргиз Улсад эргэн ирж, Бишкек болон Чолпон-Ата хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 2,355 төлөөлөгч оролцож, нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчилж байна.
Дэлхийн нүүдэлчдийн наадам анх 19 орны оролцоотой эхэлж байсан бол өдгөө дэлхийн 106 орны төлөөлөгчдийг нэгтгэсэн, нүүдэлчин соёл иргэншлийн өвийг дэлхийд таниулах олон улсын нэр хүндтэй наадам болон өргөжөөд байна.