НЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилгын 70 хувийг бариад байна.
Одоогоор гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан, бусад туслах байгууламжийг угсарч байгааг Дамбадаржаа дулааны станц төслийн дулаан хангамжийн инженер Ц.Цэнд ярьсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Дамбадаржаа дулааны станцыг ашиглалтад оруулснаар Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг дулаанаар найдвартай хангах боломж бүрдэнэ. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг багасгахад ач холбогдолтой. “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барьж буй 77 блок барилгын ажил дууссаны дараа шинэ хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэх ажээ.
Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна.