Онцгой байдлын ерөнхий газар НҮБ-ын АДАПТ төслийн багтай хамтран зудын үед малын хорогдлыг таамаглах, малчин өрхийн эмзэг байдлыг тодорхойлох судалгааны арга зүйг есдүгээр сарын 24-нд хэлэлцлээ.
Судлаачдын баг сумын түвшинд малын хорогдлыг тооцох арга, мөн уур амьсгалын өөрчлөлт болон зудын нөлөөнд өртөх малчин өрх, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааны аргачлалаа танилцуулсан байна. Хэлэлцүүлгийн зорилго нь эдгээр аргачлалд санал, зөвлөмж боловсруулах юм.
Уулзалтад салбарын яам, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Үндэсний статистикийн хороо, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид оролцов.
Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр 1999–2002 оны ган, зуд Монголын нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг, 2009–2010 оны зуд 80 орчим хувийг, 2023–2024 оны зуд 90 гаруй хувийг хамарч байжээ.
