Шинэ ургацын хүнсний ногоо болон дотоодын бүтээгдэхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд хүргэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдлээ.
Нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, дипломат төлөөлөгчид, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, хөгжлийн түншүүд, үйлдвэрлэгч, тариаланч, малчин, хоршоодын төлөөлөл оролцжээ.
Ц.Идэрбатын мэдээлснээр, энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураахаар төлөвлөсөн байна. Ингэснээр улаан буудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тэрбээр мэдэгдлээ.
Засгийн газар энэ жил 100 мянган тонн улаан буудайн нөөц бүрдүүлнэ. Мөн 12 мянган тонн төмс, хүнсний ногоог анх удаа нөөцлөхөөр шийдвэрлэжээ. Төрийн банкаар дамжуулан олгох 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.
Үзэсгэлэн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй аж ахуйн нэгж оролцож, 200 гаруй асарт 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна. Энд хүнс, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчид, малчид, хоршоод болон нийслэлийн ногоочид бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
