Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж эхэлжээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр хөнгөлөлт Улаанбаатар хот, аймгийн төв болон 10000-аас дээш хүн амтай сум, суурин газрын 220В, 380В хүчдэлд холбогдсон айл өрхөд хамаарна. Тэдний хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлэх бөгөөд 1500 кВт.цагаас давсан хэрэглээнд хөнгөлөлт тооцохгүй.
Хөнгөлөлт гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд үйлчилж, 2027 оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Өнгөрсөн онд 220В-д 1500 кВт.цаг, 380В-д 3000 кВт.цагийн цахилгааны хэрэглээг 100 хувь хөнгөлж байжээ.
Дулаалгагүй гэр халаахад гардаг алдагдлын талаар өмнө нь мэдээлж байсан.
