Европын Холбоо (ЕХ), Канадын 21 дэх удаагийн дээд түвшний уулзалт аравдугаар сарын 29-нд Канадын Монреаль хотноо эхэлжээ. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтыг Канадын Ерөнхий сайд Марк Карни даргалж байна.

ЕХ-ны зүгээс Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Каллас нар оролцож байна. Мөн худалдаа, батлан хамгаалах, залуучуудын бодлого хариуцсан комиссарууд зэрэг Европын Комиссын хэд хэдэн гишүүн уулзалтад оролцож байна.

“Ирээдүйн эвсэл” санаачилга

Талууд уулзалтын дараа “Ирээдүйн эвсэл” хэмээх хамтын ажиллагааны санаачилгыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ санаачилга нь улс төр, эдийн засаг, институцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын тавцанд үйл ажиллагаагаа уялдуулах зорилготой.

Уулзалтаар худалдаа, цахим худалдаа, стратегийн ач холбогдол бүхий түүхий эд, нийлүүлэлтийн сүлжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, инновац, залуучуудын солилцооны чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байна.

Түншлэл гүнзгийрсээр байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард Брюссель хотноо болсон удирдагчдын уулзалтаар ЕХ, Канад шинэ стратегийн түншлэлийг баталж, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш хоёр талын харилцаа улам гүнзгийрч, Канад улс ЕХ-ны SAFE санаачилгад нэгдсэн Европын бус анхны орон болжээ.

Европын хэвлэлүүдэд өмнө нь мэдээлснээр, Канадад ЕХ-ны “түнш гишүүн” статус олгох тухай саналыг дээд түвшний уулзалтын эцсийн тунхаглалд тусгаагүй байна. Үүний оронд талууд харилцаагаа цаашид улам ойртуулах (ever closer association) гэсэн томьёоллыг ашиглажээ.

ЕХ бол Канадын худалдааны хоёр дахь том түнш юм. Хоёр талын бараа, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 2025 онд 130 тэрбум еврог давсан байна. М.Карни АНУ-аас худалдааны хамаарлаа бууруулах зорилгоор Туркт айлчилж байсныг бид өмнө нь мэдээлсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх