Утаагүй, эко өрх болохын тулд хамгийн эхэнд гэр, байшингаа дулаалах шаардлагатайг УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Учир нь дулаалаагүй гэр, амины сууцыг хичнээн өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор халаалаа ч энэ нь “цоорхой хувинг усаар дүүргэх”-ийн адил бүх дулаанаа гадагш алдаж, эдийн засгийн маш их хохирол дагуулдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулсан “Дулаанбаатар” аяны уулзалтын үеэр онцолсон байна.
Хувийн хэвшлийнхэн гэр, амины орон сууцыг дулаалах технологийн маш сайн шийдлүүдийг санал болгодог. Гэр, сууцыг стандартын дагуу сайн дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувь хэмнэх бүрэн боломжтой. Үүнийг шөнийн хямд тарифтай хослуулснаар цахилгаан халаалтын төлбөр нь нүүрс худалдан авах өртгөөс бага тусдаг гэдгийг тодотгож байлаа.
Мөн “Дулаан шийдэл II”, “ЧИП” төслийн хүрээнд өрхийн дулаалгын үнийн дүнгийн 50-60 хувийн санхүүжилтийг төслөөс буцалтгүй гаргаж өгдөг нь иргэдэд давуу тал, дэмжлэг болж байна. Одоогоор эдгээр төслийн тусламжтай нийслэл, орон нутагт 7000 гаруй өрх дулаалгын хялбар шийдлийг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ багасган, дотоод орчны агаарын чанараа сайжруулжээ.
Уулзалтын үеэр иргэд цахилгааны төлбөр их гардаг, нарны панель суулгах анхны хөрөнгө оруулалт их байгааг шүүмжлээд, гэр хорооллын зам, гэрэлтүүлэг муу, дахин төлөвлөлт удаанаас гадна хувийн хэвшлийнхэн зах зээлд чанаргүй, баталгаагүй бараа зарж хохироодгийг хөндсөн юм.
Үүнд ажлын хэсгийнхэн хариулахдаа, иргэд дулаалга, халаалт, нарны төхөөрөмж суурилуулах их зардлыг нэг дор гаргах боломж хомс учир арилжааны банкуудтай хамтарсан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнд айл өрхүүдээ хамруулж, төрөөс зээлийн хүүгийн татаасыг хариуцах буюу иргэдэд санхүүгийн дарамтгүй худалдан авах нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байна гэв. Мөн тоног төхөөрөмжийн чанар, стандартыг сайжруулж, иргэдийг эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг давхар хийхээ мэдэгдэв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын санаачилсан “Дулаанбаатар” аяныг цаашид гурван үе шаттай хэрэгжүүлж, дулаалгын ач холбогдол, амжилттай хэрэгжсэн төслийн туршлага, бодит үр дүнг иргэдэд сурталчилж, өрх бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг зорьж байна.
Уулзалтын үеэр гэр, байшингийн дулаалгын үр өгөөж, нарны эрчим хүч ашиглах, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж, цэвэр, бохир усны бие даасан шийдлийг танилцуулж, эдгээр технологид зориулсан хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгчээ.
