Улаанбаатар, 2026 оны арван нэгдүгээр сарын 1. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Сөүл хотноо БНСУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ён Гюу-тай уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Иргэдийн эрх ашгийг хамгаалах хамтын ажиллагаа
Гадаад харилцааны яамны мэдээлснээр, сайд Б.Энхбаяр Монгол, Солонгосын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, оршин суух, зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгаалал, түүний дотор сурч боловсрох эрхийг хангах, эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр парламент, байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Гадаад иргэдэд хамаарах хуулийн төслүүд
Байнгын хорооны дарга Со Ён Гюу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсний зэрэгцээ иргэдийн солилцоо эрчимтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейд өргөн бариад буй тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн эрх зүйн байдал, нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаад иргэний харьяалалтай хүүхдийн төрөлтийн бүртгэлийн тухай хуулийн төслийн ач холбогдлыг тайлбарлаж, хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.
Хоёр орны хамтын ажиллагаа бусад салбарт ч үргэлжилж буй бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-д мэргэжил дээшлүүлэх эмч нартай уулзсныг бид өмнө нь мэдээлсэн.
