СОР17-гийн хүрээнд Монголын нийт газар нутгийн 70 орчим хувийг эзэлдэг бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх боломжийг хэлэлцүүллээ.
“Бэлчээрээс нүүрстөрөгчийн зах зээл рүү: Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудын хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломжийг нээх нь” хэлэлцүүлгийг Япон, Монголын хамтарсан кредит олгох механизм, Үндэсний Ногоон Лаб, Clean Commodities & Energy байгууллага, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Байгалийн Өв Сан хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид манай улсын бэлчээрийн доройтлыг багасгах, газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлээс уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт татах боломжтойг онцолсоноос гадна Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд нүүрстөрөгчийн зах зээлийг үр ашигтай ашиглах, олон улсын зах зээлд оролцоог өргөжүүлэх, бэлчээрт түшиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх талаар хэлэлцэв.
Монгол, Япон хоёр улс 2013 оноос Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хамтран ажиллаж байна Энэ оны долоодугаар сард нарны эрчим хүчний төслүүдээс бий болсон 86,564 тонн CO₂-тэй тэнцэх ITMO-г Япон Улсад шилжүүлжээ.
УИХ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг өнгөрсөн сард баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус хуульд хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоо, олон улсын шилжүүлгийг хэрэгжүүлэх үндсийг тодорхой тусгажээ. Мөн Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэрт 2025–2035 онд уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд 14.8 тэрбум орчим ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцсон. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлтийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох нь байгаль орчны үр өгөөжөөс гадна малчдын амьжиргааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудыг санхүүжүүлэх шинэ боломж болох ажээ.