ИЕРУСАЛИМ, 2026 оны аравдугаар сарын 27 /Reuters/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн эрхэнд үлдэх эсэхийг шийдэх парламентын сонгууль мягмар гарагт буюу өнөөдөр болох гэж байна. 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн үйлдсэн халдлага, Газын зурваст явуулсан цэргийн ажиллагаа, Ирантай хийсэн дайн, түүнчлэн Израил улс олон улсын тавцанд улам тусгаарлагдаж буй энэ үед сонгогчид түүний хэрэгжүүлсэн бодлогыг дүгнэх юм.

Гэсэн хэдий ч Израилын түүхэнд хамгийн удаан буюу 19 жилийн турш засгийн эрх барьсан Б.Нетаньяху эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч хэвээр байна. Учир нь тус улсад үндсэрхэг үзэлд суурилсан улс төр улам бүр бэхжиж, улс төрийн тогтолцоо нь тархай бутархай байгаа нь түүнийг дахин засгийн газраа байгуулахад хамгийн тохиромжтой нэр дэвшигч болгох магадлалтай байна. 

Б.Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд” нам болон тус намын барууны үзэлт холбоотнууд болон баруун болон төвч үзэлт намуудын аль алиных нь дэмжлэгийг хүлээсэн, аюулгүй байдлын асуудалд хатуу байр суурь баримталдаг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Гади Айзенкотоор удирдуулсан өрсөлдөгч эвслийн хооронд тун тэнцүүхэн өрсөлдөөн өрнөж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүн харуулжээ. 

Б.Нетаньяху сонгуулийн сурталчилгаагаа дайны үед улс орноо удирдсан бодлого болон өөрийг нь дэмжиж, Ираны эсрэг цэргийн ажиллагааг хамтран явуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тогтоосон холбоотны харилцаандаа тулгуурлан явуулж байна. Б.Нетаньяху ням гарагт мэдэгдэхдээ, “Д.Трамп Иранаас учирч буй аюулыг “эцэслэн” арилгахын тулд дахин арга хэмжээ авахад бэлэн байгаа, гэхдээ өөрийг нь засгийн эрхэнд үлдсэн тохиолдолд ийм алхам хийхэд бэлэн байгаа” гэжээ. 

Харин Г.Айзенкот Б.Нетаньяхуг “айдас түгшүүрт автуулах, худал мэдээлэл тараах, сүрдүүлэхэд тулгуурласан сонгуулийн кампанит ажил явуулж байна” хэмээн буруутгаад, Д.Трамп Израилын “ард түмний сонгосон ямар ч удирдагчтай бүрэн хамтран ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Б.Нетаньяху Засгийн газар байгуулахын тулд хэт барууны үзэлтэй улстөрчид болох Итамар Бен-Гвир, Безалел Смотрич нарын дэмжлэгийг дахин авах шаардлагатай болж магадгүй байна. Палестинчуудын эсрэг хүчирхийлэлд турхирсан хэмээн буруутгаж, Барууны зарим улс тэдэнд хориг арга хэмжээ аваад байгаа ч санал асуулгуудаар Бен-Гвирийн “Еврейн хүч” нам нэр хүнд нь өссөөр байгаа юм.

Одоогоор Б.Нетаньяху, Г.Айзенкот хоёрын хэн хэнд нь Засгийн газар байгуулахад саадгүй зам харагдахгүй байна. Хэрэв тэдний хэн нь ч 120 суудалтай парламентад олонх болж эвсэл байгуулж чадахгүй бол ирэх жил дахин сонгууль болох хүртэл Б.Нетаньяху түр орлон гүйцэтгэгчээр үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх