УДБЭТ: Мартын 8-ны баярт зориулан “Дурлалын ундаа” хошин дуурь тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” хошин дуурийг 2025 оны гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд тоглох гэж байна. Италийн алдарт хөгжмийн зохиолч Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” дуурийн анхны тоглолт нь 1832 оны тавдугаар сарын 12-нд Миланы Театр делла Каноббиани театрт болжээ. Энэ дуурийг олон нийт сайшаан хүлээж авсан нь маш их гайхалтай үйл явдал болж, хөгжмийн зохиолч өөрөө хүртэл гайхсан аж.

Г.Доницеттийн гол өрсөлдөгч В.Беллини түүний уран бүтээлд маш өндөр үнэлгээ өгч, хөгжмийг нь төгөлдөр, сайхан, гайхамшигтай гэж магтаж байжээ.

Г. Доницетти “Дурлалын ундаа ” дуурийн зохиол нь инээдтэй, энгийн, хүнд драм, эмгэнэл байхгүй, зөвхөн гялалзсан хошигнол бүхий хайрын түүхээр амталсан хөнгөн инээдмийн дуурь гэдгээрээ онцлог. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр урын сангийн бодлогынхоо хүрээнд дэлхий дахины шилдэг хошин дуурийн нэг Г.Доницетти “Дурлалын ундаа” дуурийг өөрийн тайзнаа тоглохоор шийдсэн байна. Ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2024 онд үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Уг дуурийг театрын залуу найруулагч Б.Мэндбаяр найруулсан бөгөөд түүний зүгээс дуурийн үйл явдлыг наашлуулж, дэлхийн эдийн засаг, соёл, хөгжлийн үсрэлтийн зуун болох 21-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь театрын ирээдүйн үзэгчид, хүүхэд залуусын сэтгэлд ихээхэн нийцсэн бүтээл болсон билээ.Италийн алдарт хөгжмийн зохиолч Г.Доницетти “Дурлалын ундаа” дуурийг үзэх шалтгаан:

  • 1904 онд Метрополитан театрт 32 удаа тоглогдсон
  • Дэлхийн алдарт дуурийн дуучин Лучиана Паваротти 1973-1998 онуудад Немориногийн дүрд 49 удаа тогложээ.
  • Зөвхөн дууриас л та орь залуу насны гэгээн хайр, харилцааг хөгжилтэй, хошин хэлбэрээр мэдрэх боломжтой
  • Хөгжмийг хувьд төгөлдөр, сайхан, гайхамшигтай , роматник илэрхийлтэй дуурь
  • Дүр бүр өөрийн гэсэн өнгөний илэрхийллийг харуулж чаддаг
  • Хамгийн богино хугацаанд буюу 6-н долоо хоногт бичигдэж, нэр алдарт хүрч чадсан дуурь
  • 2008-2013 оны хооронд таван улирлын турш дэлхийн хэмжээнд хамгийн олон тоглосон дуурийн “Operabase” жагсаалтын 13-т бичигдсэн байна.

Хэрвээ та бүхэн хайртай ээж, хайрт хань, хайрт бүсгүйгээ баярлуулхыг хүсвэл нэгэн оройг энэ дуурьтай хамт өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн