Хятадын шинэ апп Холливудыг сандаргав

Хятадын технологийн аварга “ByteDance” компанийн бүтээсэн “Seedance” аппликейшний шинэ загвар Холливудыг донсолгож байна. Тодруулбал, “Seedance 2.0” аппликейшнд хэрэглэгч бичгээр хүсэлтээ өгөөд л дууны эффект, харилцан яриа гээд бүхнийг нь зохицуулж тааруулсан чанартай кино бүтээлтэй болох боломжтой болжээ.

Тус апплликейшнийг ашиглан хийсэн гэх олон бичлэг вирус адил цахим орчинд тархаж байна. Тэдгээр бичлэгт хүн аалз гэх мэт Холливудын дүрүүдийг ашигласан байсан тул “Disney”, “Paramount” зэрэг студиуд “ByteDance”-ийг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж буруутгажээ.

Гэхдээ хууль эрх зүйн асуудлаас илүүтэй санаа зовоож буй зүйл нь мэдээж технологийн дэвшил.

“Seedance” аппликейшнийг өнгөрсөн оны зургадугаар сард анх танилцуулсан. Тухайн үедээ төдийлөн их шуугиан тариагүй ч найман сарын дараа гарсан хоёр дахь хувилбар нь Холливудыг сандаргав. Сүүлд гарсан бичлэгүүд нь хиймэл оюун ухааны бүтээл гэж огт харагдаагүй, жинхэнэ кино үйлдвэрлэлийн компаниас гарсан бүтээл мэт л харагдсан гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

“Seedance” нь текст, дүрс болон аудиог нэг системд чадварлаг нэгтгэж буйгаараа онцлог. Үйл явдлын дарааллыг хүртэл нарийн төвөгтэй байдлаар бүтээж буй нь тус аппликейшнийг өрсөлдөгчдөөс нь хавьгүй бодит харагдуулж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн