Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшиний АМЖИЛТ

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин 2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Монголынхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд цуурайтуулж яваа тэрбээр эх орондоо ирж, дэлхийн шилдэг долоон дуурийн нэг “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн 170 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Травиата” дуурьд тоглох юм.

Тэрбээр наран мандах зүгт, Сүхбаатар аймгийн Халзан суманд багш Энхбатын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Гурван хүүтэй айлын дундах нь агаад дуучин болох  нь түүний насан багын мөрөөдөл нь байв. Гэрийнхээ орны хөшгийг ярж, “Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулна” хэмээн өөрөө өөрийгөө зарлаж явсан бяцхан хүүг өнөөдөр тив дэлхий зарлаж байна. Тэр 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр тодорч байсан бол 2025 онд Итали улсад зохион байгуулсан “Opera Star Awards”-аас “Шилдэг баритон” шагнал хүртсэн түүхэн амжилтад хүрч чадсан юм.

Монгол хөвгүүд, монгол хүүхдүүдийн адил багадаа хурга ишиг хариулж, хурдан морь унаж өссөн хүүгийн өвөө нь манлай уяач А.Ухна. Харин аав нь аймгийн алдарт уяач Л.Энхбат.  Адуу нь зүсээрээ налайдаг, адууны удамт монгол хүүг дуурийн урлагт тод мөртэй, дэлхийд данстай дуучин болно гэж хэн ч төсөөлөөгүй байх.

Э.Амартүвшин Сүхбаатар аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Хар багаасаа тэрбээр нутагтаа од хүү байсан гэдэг.  Аравдугаар ангидаа “Хадган цэнхэр аялгуу” анхны тайлан тоглолтоо хийж, нутаг усныхаа ах дүүсийг баярлуулж явсан гэдэг.

“Монгол Улсын залуу баритон Э.Амартүвшин 30 насандаа  “Риголетто” дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийнээ таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижигнэсэн алга ташилтыг зүй ёсоор хүртлээ’ хэмээн 2017 онд Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Энхбатын Амартүвшингийн талаар Италийн “Өглөөний сонин”-д магтан бичсэн байдаг.

Ийнхүү тал нутгийн хүү Э.Амартүвшин Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрээр танигдаж, дуурийн эх орныг уулга алдуулж явна.

Түүний багш Ц.Ерөө “Риголетто” дуурийг нэлээн нас ахисан, туршлагатай дуучид дуулдаг. Гэхдээ чи Х.Уртнасан багштайгаа хичээллээрэй” гэж зөвлөсний дагуу энэ дуурийг анх хамгийн залуу буюу 25-хан насандаа анх дуулсан байдаг. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд авьяас, чадал сорьсон олон зүйлтэй нүүр тулсан ч зогсолтгүй хичээсний үр дүнд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, амжилтын гараагаа эхлүүлсэн.

Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.

Түүний амжилтууд: 

  • Operalia /2012/ – I байр
  • BBC Cardiff Singer of the World /2015/– Үзэгчдийн шагнал
  • Opera Oscar – Шилдэг баритон /Arena di Verona, 2020 & 2023/
  • Trofeo di Bronzo – Ettore Bastianini /2024/
  • Rome Opera Star Awards – Best Baritone /2025/

Дэлхийн тайзнаа:
Итали, Герман, Франц, Англи, АНУ, Япон зэрэг олон орны нэр хүндтэй театруудад Ж.Вердигийн Rigoletto, Nabucco, Aida, La Traviata, Ж.Пуччинигийн Tosca зэрэг бүтээлүүдэд амжилттай тоглож, орчин цагийн хамгийн эрэлттэй баритонуудын нэг болоод байна. Мөн Э.Амартүвшин нь “La Traviata” дуурьд дэлхийн театруудад нийт 44 удаа тоглосон байна.

  • 2018 – Наполи, Итали: 8
  • 2019 – Арена ди Верона, Итали: 3
  • 2022 – Вена, Австри: 5
  • 2023 – Нью-Йорк, АНУ: 5
  • 2023 – Вена, Австри: 4
  • 2023 – Флоренц, Итали: 3
  • 2023 – Токио, Япон: 3
  • 2024 – Берлин, Герман: 4
  • 2025 – Лондон, Англи: 6
  • 2025 – Арена ди Верона, Итали: 3

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн