Москва мужийн нэгэн шүүх “The Walt Disney Company”-ийн менежерийг хар тамхи хууль бусаар хадгалсан болон хилээр нэвтрүүлсэн хэрэгт буруутай гэж үзэн хоёр жил зургаан сарын хорих ял оноосон талаар Оросын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Жугал Датерао 2026 оны нэгдүгээр сард Катар улсаар дамжин ниссэн онгоцоор Шереметьево олон улсын нисэх буудалд ирэхдээ баривчлагдсан байна. Гаалийн ажилтнууд түүний ачаанд энгийн шалгалт хийж байх үедээ THC (тетрагидроканнабинол)-ийн агууламжтай чихэр илрүүлж, саатуулжээ.
Шүүх хуралдааны үеэр Датерао эдгээр каннабис агуулсан чихрийг АНУ-д эмчийн жороор авсан бөгөөд тархины мэс заслын дараах урт хугацааны сэргээн засах эмчилгээнийхээ хүрээнд хэрэглэж байсан гэж мэдүүлсэн байна.
Химки хотын шүүхийн шүүгч Датераог хар тамхи хадгалсан болон хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутай гэж үзэж, дунд зэргийн хамгаалалттай хорих ангид хоёр жил зургаан сарын ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн түүнд 30 мянган рубль буюу ойролцоогоор 420 ам.долларын торгууль ногдуулсан байна.
Датерао “LinkedIn” хуудас дээр өөрийгөө Нью-Йоркт төвтэй технологийн удирдах ажилтан, хөтөлбөрийн захирал гэж тодорхойлсон бөгөөд 2019 оноос хойш “The Walt Disney Company”-д ажиллаж буйгаа дурджээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Датерао нь Энэтхэгийн иргэн аж. Гэхдээ тэрбээр мөн АНУ-ын паспорт эзэмшдэг эсэх нь тодорхойгүй байна.