Залуу ажиллах хүчний ажилгүйдлийн түвшинд “AI” нөлөөлөөгүй

Залуу боловсон хүчин дунд “Covid-19”-ын дараагаас зайнаас ажиллах боломжтой ажилд орох сонирхол их болсон. Гэвч бизнес эрхлэгчид залуу, туршлагагүй ажилчдыг ажилд авах байтугай зайнаас ажиллах боломж олгохоос татгалзаж байгааг саяхан гарсан судалгаа харуулжээ. Энэ нь их, дээд сургууль төгсөгчдийн дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа гол хүчин зүйл болж байна.

Тодруулбал, Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк программ хангамж хөгжүүлэгч зэрэг зайнаас хийж болох ажлыг сувилахуй зэрэг биечлэн хийх ажил мэргэжилтэй харьцуулан судалгаа хийсэн байна. Улмаар алсын зайнаас ажиллах боломжтой мэргэжил эзэмшсэн залуу төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин 2022-2024 онд цар тахлын өмнөх үеийнхээс бараг нэг хувиар нэмэгдсэн байв. Харин энэ төрлийн салбарт ажиллаж буй 29-өөс дээш насны туршлагатай ажилчдын дунд ажилгүйдлийн түвшин буурсан аж. Ман зайнаас ажиллах боломжгүй ажлын байранд туршлагатай болон залуу төгсөгчдийн ажилгүйдлийн түвшинд бага зэргийн ялгаа байгааг судалгаа харуулжээ.

Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны мэдээлснээр, мэргэжлийн зэрэггүй хүмүүсийн хувьд ижил төстэй хэв маяг ажиглагдаж байна. Судалгааг удирдсан эдийн засагт Наталья Эмануэль хэлэхдээ, бизнес эрхлэгчид шинэ төгсөгчдийг алсын зайнаас ажиллах боломжтой ажилд авахаас татгалздаг, учир нь тэднийг сургаж, зөвлөгөө өгөхөд хэцүү байдаг гэж дүгнэсэн. Судалгааны зохиогчид цар тахлын дараа залуу их, дээд сургууль төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин өссөн шалтгааны гуравны хоёр орчим нь алсын зайнаас ажиллах явдалтай холбоотой гэж тооцоолжээ.

Шинээр гарч ирсэн боловсон хүчний ажилгүйдлийн түвшин “Covid-19”-ын өмнөх үеийн ойролцоогоор 3.1 хувиас 3.7 хувь хүртэл өссөн байна.

Шинэ төгсөгчдөд сургалт, зааварчилгаа болон туршлагатай ажилтны дэмжлэг, зөвлөгөө шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үздэг. Гэвч зайнаас ажиллах үед шинэ ажилтнуудад зааж сургах нь илүү төвөгтэй болдог. Ажилчид жижиг асуудлаа шууд асууж шийдэх боломж багасдаг бөгөөд туршлагатай хүнийг ажиглаж суралцах боломж хомсоддог. Мөн баг дунд харилцаа, холбоо тогтоож, нийцтэй байх боломж олддоггүй гэж үздэг байна. Тиймээс компаниуд зайнаас ажиллах ажлын байранд туршлагатай, бие даан ажиллах чадвартай хүмүүсийг авах сонирхолтой байдаг аж.

Мөн хиймэл оюун ухаан (AI) ажилгүйдэлтэй холбоотой эсэхийг судалсан байна. Олон нийтийн дунд “ChatGPT” зэрэг “AI” хэрэгслүүд анхан шатны оффисын ажлуудыг орлож байна гэсэн санаа зовнил байгаа ч судалгаагаар залуу төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал “AI” хэрэглээнд нэвтрэхээс ч өмнө муудаж эхэлсэн байв. Мөн “AI” гүйцэтгэх боломжтой ажлын талбарт залуучуудын ажилгүйдлийн түвшин онцгой өндөр байгаагүй.

“AI”-ийн нөлөө зайнаас ажиллахтай харьцуулахад харьцангуй бага байжээ.

Түүнчлэн судлаачид нэр нь тодорхойгүй “Fortune 500” ангиллын том технологийн компанийн мэдээллийг судалжээ. Үр дүнд нь бүх ажилчин зайнаас ажиллаж байх үед тус компани туршлагагүй шинэ төгсөгчдийг цөөн, харин туршлагатай хүмүүсийг илүү олон ажилд авч байсан нь тогтоогдсон. Харин оффист сууж ажиллах боломжтой болсны дараа шинэ төгсөгчдийг гол төлөв ажилд авсан байна. Улмаар зайнаас ажиллах орчинд шинэ төгсөгчдийг сургаж, дадлагажуулах нь хүндрэлтэй байдаг тул компаниуд тэднийг ажилд авах сонирхол багасаж, оронд нь туршлагатай ажилтнуудыг сонгох болсон. Өөрөөр хэлбэл, залуу төгсөгчдийн ажлын байрны боломж буурч байгаад “AI”-аас илүүтэйгээр зайнаас ажиллах сонирхол түгээмэл болсон явдал нөлөөлж байна.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн