Хятадын засгийн газар “хий үзэгдэлтэй” гал тогоонуудыг цэгцэлнэ

Хятад улсад хоол хүргэлтийн үйлчилгээ эрхлэхийн тулд заавал рестораны зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх тодорхой хаягтай байх шаардлагатай болжээ. Энэ нь “ghost kitchens” буюу “хий үзэгдэлтэй” гал тогоонуудыг цэгцлэх засгийн газрын хүчин чармайлтын нэг хэсэг юм.

“Хий үзэгдэлтэй” гал тогоо гэдэг нь хоол хүргэлтийн платформ дээр бүртгэлтэй боловч бодит дэлгүүр, мухлаггүй, зөвхөн хүргэлтээр ажилладаг худалдаачдыг хэлдэг. Эдгээр нь ихэвчлэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг тул хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж, хяналт шалгалтад өртөх болжээ.

Зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ дүрмийн дагуу тухайн үйлчилгээний газрын хоол хүргэлтийн аппликейшн дээрх мэдээлэл үнэн бодит байх ёстой. Тухайн байршилд нь үйлчлүүлэгч шууд очиж үйлчлүүлэх боломжгүй бол түүнийгээ заавал аппликейшн дээр тэмдэглэсэн байх ёстой.

Бээжин хотод өнгөрсөн жил нэгэн хэрэглэгч хоол хүргэлтийн аппликейшнээр бялуу захиалсан боловч тэр нь чанарын шаардлага хангаагүй байсныг илчилж, шүгэл үлээснээр “хий үзэгдэлтэй” гал тогоонуудыг шалгах ажил эхэлжээ. Тухайн бялууг идэж болдоггүй цэцгээр чимэглэсэн байжээ. Гомдлын дагуу шалгаж үзэхэд, тухайн бизнес нь бараг 380 байршилд салбартай байсан ч бодитоор нэг ч дэлгүүр, мухлаггүй байсан. Мөн цахим дэлгүүрүүд нь хуурамч зөвшөөрөл ашиглаж байжээ. Цаашдын шалгалтаар захиалсан бялууг эцсийн байдлаар хийхдээ хамгийн хямд үнээр ажил хийхээр санал өгсөн гуравдагч талын нийлүүлэгчдэд шилжүүлдэг байсныг илрүүлсэн байна. Нийт 3.6 сая ширхэг бялууг энэ системээр хийснийг тогтоожээ.

Хятадын хоол хүргэлтийн салбар маш ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд эрх баригчдыг түгшээх хэмжээнд хүрсэн байдаг. Өнгөрсөн жил томоохон хүргэлтийн аппликейшнүүдийн үнийн дайнаас болж засгийн газар хямд үнийн өрсөлдөөнийг зогсоохыг анхааруулж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн