Москвагийн шүүх хошин шогч Артемий Останинд 5 жилийн хорих ял оноов

Москвагийн шүүх Лхагва гаригт (2026.02.06) хошин шогч Артемий Останинд таван жил есөн сарын хорих ял оноолоо. Түүнийг өнгөрсөн жил тоглолтынхоо үеэр хэлсэн онигоондоо үзэн ядалтыг өдөөсөн, итгэгчдийн шашны үзэл бодлыг доромжилсон хэргээр буруутгажээ.

Оросуудыг буруутгадаг гэдгээрээ алдартай “Ард түмний дуудлага” бүлэглэл Украин дахь дайнд гар хөлөө алдсан ахмад дайчдыг Останин доромжилсон хэргээр өнгөрсөн жил цагдаад гомдол гаргасан.

Улмаар түүнийг мөн оны гуравдугаар сард Беларуст баривчилжээ. Останин онигоондоо ахмад дайчдыг доромжилсон утга илэрхийлээгүй гэж мэдэгдсэн байна. Мөн хэл шинжлэлийн шинжилгээгээр Останины онигооноос “үзэн ядалт”-ын шинж тэмдэг илрээгүй бөгөөд тухайн үзүүлбэрийн видео бичлэгээс буруу дүгнэсэн гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч хууль сахиулах байгууллагынхан Останины Есүс Христийн талаар ярьсан онигооны видео бичлэгийг олсныхоо дараа түүнийг “шашны итгэл үнэмшлийг доромжилсон” гэсэн хэрэгт давхар буруутгасан.

Улмаар Останин зургадугаар сард террорист, хэт даврагчийн жагсаалтад орсон байна.

Өнгөрсөн долоо хоногт улсын яллагч нар Останинд уг хоёр эрүүгийн хэрэгт таван жил 11 сарын хорих ял оноохыг Мещански дүүргийн шүүхийн шүүгч Олеся Менделеевагаас хүссэн. Хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 12-нд эхэлж, дөрвөн удаа хуралдсаны эцэст Лхагва гаригт шийдвэр гарсан аж. Бараг зургаан жилийн хорих ялаас гадна Останинд 300 мянган рубль буюу 3,900 ам.долларын торгууль ногдуулсан байна.

“Миний одоо байгаа шиг ийм аймшигтай хууль бус нөхцөл байдалд хэн ч орохгүй гэж найдаж байна” гэж Останин шүүх хурал дээрх эцсийн мэдэгдэлдээ хэлжээ. Хүний эрхийн Мемориал байгууллага Останиныг улс төрийн хоригдол гэж тодорхойлсон.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн