SpaceX компани АНУ-ын харилцаа холбооны салбарт үүрэн холбооны давтамж худалдан авах гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү алхам нь компанийн Starlink Mobile үйлчилгээг үүрэн холбооны томоохон оператор болгон тэлэхэд чиглэсэн дараагийн алхам болж байна.
Гэрээ батлагдвал SpaceX 800 МГц-ийн зурваст 14 МГц хүртэлх давтамж ашиглах эрхтэй болно. Энэ зурвас нь барилгын доторх дохиог илүү сайн дамжуулдаг тул сүлжээний хамралт сайжирна гэж үзэж байна. Орчин үеийн ихэнх ухаалаг утас эдгээр давтамжийг дэмждэг аж.
Шинэ нам давтамжийг одоогийн 2 ГГц-ийн зурвастай хослуулан ашиглаж АНУ даяар хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Starlink төхөөрөмж алслагдсан бүсэд үйлчилгээ үзүүлэхэд тусална.
Зөвшөөрөл авсны дараа SpaceX хиймэл дагуулын сүлжээгээ газрын дэд бүтэцтэй холбож, барилгын дотор гадна болон алслагдсан бүс нутагт үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
Харилцаа холбооны комисс мөн Starlink Mobile-ийн шинэ үеийн хиймэл дагуулын сүлжээнд 2 ГГц зурвасаар 15 мянган хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл олгожээ. Шинэ V2 дагуулууд одоогийнхоос 100 дахин их өгөгдөл дамжуулах чадвартай бөгөөд утсанд өөрчлөлт хийлгүйгээр шууд холбогдож өндөр хурдны интернэт ашиглах боломжтой.
Нэмэлт давтамж зөвшөөрснөөр шинэ дагуулуудыг одоогийн газрын станцуудын сүлжээнд холбох боломжтой болсон гэж компани мэдээлэв.
