Ерөнхий сайд Н.Учрал Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл-технологийн паркийн талбайд ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдаж буй зэсийн баяжмал хайлуулах болон боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.
Парк 1200 га газрыг хамарч байгаа бөгөөд зэсийн баяжмал боловсруулах, молибденийн баяжмал боловсруулах ферромолибден, зэс нано нунтаг, кабель утасны үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ төслийг хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд Н.Учрал төслийн ач холбогдлыг онцолсон. Нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс үйлдвэрлэх, өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн стратегийн төсөл гэдгийг тэмдэглээд, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ болон хэлэлцээрийг 11 дүгээр сард багтаан дуусгахыг үүрэг болголоо.
Үйлдвэрлэл-технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан бөгөөд 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. “Оюут” дэд станцын туршилтын хугацаа үргэлжилж байгаа бөгөөд энэ нь паркийг цахилгаанаар хангахаас гадна 140 гаруй сумын цахилгаан хангамжийг найдвартай болгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эрдэнэт өртөөнөөс 4.4 км урт төмөр зам татсан нь импортын барааг паркийн талбайд шууд буулгах боломжийг олгосон. Үйлдвэртэй төмөр замаар холбох ажил үргэлжилж байна. Цэвэр усны хангамж, ариутгах татуургын систем шийдэгдсэн. 12.7 км авто замын далангийн хучилт хийгдэж, паркийн эдэлбэр газрыг тойрсон хашаа баригдсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх танилцууллаа.
