Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээрийг ирэх арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг үүрэг болголоо.

Монгол Улс зэсийн баяжмалаа түүхийгээр экспортлох бус, дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын хүрээнд уг төслийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хэрэгжүүлж байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон технологийн холбогдох баримт бичгүүд батлагдсан.

Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан бөгөөд 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой 20 гаруй улсын 55 компанид мэдээлэл хүргүүлснээс долоон улсын 13 компани санал ирүүлсэн.

Үе шаттай сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын NFC компанийг стратегийн хөрөнгө оруулагчаар сонгож, санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээр үргэлжилж байна.

Ерөнхий сайд Н.Учрал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд дөрвөн чиглэлээр үүрэг өглөө.

Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эрчимжүүлж, Монгол Улсад ногдох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зарчмаар гэрээний төслийг эцэслэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах.

Хоёрдугаарт, үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрлэлд ашиглах, тэр дундаа Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо болон бусад төсөлд тэргүүн ээлжид нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.

Гуравдугаарт, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх.

Дөрөвдүгээрт, үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал, хүхрийн хүчлийг саармагжуулах шохойн чулууны хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, дэд бүтцийн шийдэгдээгүй асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг эцэслэх чиглэл өгчээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, экспортын бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхөөс гадна дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчин, инженер зэрэг 7000 гаруй албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлд талархал илэрхийллээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн