Сингапур: Мөсөн уулыг эргүүлэх оролдлого

Сингапурын эрх баригчид урт хугацааны хүн ам зүйн хямралаас зайлсхийхийн тулд иргэддээ мөнгөн дэмжлэг болон төрөл бүрийн урамшуулал олгож эхэлсэн. Гэсэн ч энэ бодлого хэр үр дүнтэй болохыг бодитоор хартал олон жил шаардагдаж магадгүй байна.

Гэр бүлүүдийг хүүхэдтэй болох эсэх шийдвэр гаргахад нь нөлөөлж буй саад бэрхшээлүүдийг арилгах зорилгоор тус улсын засгийн газар саяхан хэд хэдэн шинэ арга хэмжээ танилцуулсан. Үүнд, Сингапурын иргэн хүүхэд бүрийг төрсөн цагаас нь нь эхлээд 17 нас хүртэл нь 60 мянга гаруй сингапур доллар буюу 47100 ам.доллараар дэмжинэ гэсэн амлалт багтжээ. Энэ шийдвэр нь иргэдийг илүү олон хүүхэдтэй болоход уриалж буй хамгийн том алхам гэж эрх баригчид үзэж байна.

Ерөнхий сайд Лоуренс Вонг энэ санаачилгын талаар хэлэхдээ “Энэ бол өмнөх хөтөлбөрүүдэд бага зэрэг өөрчлөлт оруулсан, эсвэл схемийг бага багаар сайжруулсан төдий асуудал биш. Бид гэр бүлүүдийг дэмжих арга барилаа үндсээр нь өөрчлөхийг хүсэж байна” гэжээ.

Мөн тэрбээр “Хүүхэдтэй болох эсэх шийдвэр нь хувь хүний асуудал. Зөвхөн төрийн бодлогоор үүнийг бий болгож чадахгүй. Гэхдээ бидний хийж чадах зүйл бол хүүхэдтэй болохыг хүсэж буй сингапурчуудын гэр бүл зохиож, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг илүү хялбар болгох явдал юм. Мөн бид айл өрх бүрт нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байна. Хэрэв та хүүхэдтэй болохыг сонговол засгийн газар танай гэр бүлийн талд зогсож, хамтдаа дэмжих болно” гэжээ.

Гэвч энэ мэт арга хэмжээнүүдийн үр дүн шууд нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй нь бодлого боловсруулагчдад тулгарч буй хамгийн том сорилт юм.

Бодлогын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Калапана Вигнехса энэ асуудлыг мөсөн уултай зүйрлэжээ. Ямар нэг байдлаар бодлого чиглэлийг нь өөрчиллөө гэхэд үр дүн нь мэдрэгдэх хүртэл багагүй хугацаа зарцуулна гэсэн үг. Цаг хугацаа хэрэгтэй. Түүний хэлснээр өчүүхэн хэмжээний өөрчлөлт харахын тулд хэдэн 10 жил шаардагдана.

Гэсэн ч энэ удаад авч хэрэгжүүлж буй шинэ арга хэмжээнүүд өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогуудаас бүрэн өөр болж чадсаныг сайшааж байгаа юм.

Мөнгөн дэмжлэгийн тухайд авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүд дотроос хамгийн хялбархан нь. Сингапурт одоо хэрэгжиж буй арга хэмжээнүүд голчлон хүүхэд төрөх үе дээр төвлөрдөг. Харин шинэ бодлого нь хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх бүх цаг үеийнх нь туршид эцэг эхчүүдийг тогтвортой, тасралтгүй дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Шинэ урамшууллын багцад хүүхэд асрах үйлчилгээний төлбөрийг бууруулах, эцэг эхийн чөлөөний хугацааг уртасгах, эрэлт ихтэй нийтийн орон сууц авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ багтжээ.

Сингапурын төрөлтийн түвшин 2025 онд 0.87 болж буурсан нь өмнөх оны 0.97-оос огцом уруудсан үзүүлэлт болсон. Энэ нь Өмнөд Солонгосын 0.81 түвшингийн өмнө буюу дэлхийн хэмжээнд доороосоо хоёрт орох үзүүлэлт болж байна. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд нэг эмэгтэйн амьдралдаа төрүүлэх хүүхдийн дундаж тоог төрөлтийн түвшин гэх бөгөөд жишиг түвшин нь 2.1 байдаг.

Сингапурын шинэ арга хэмжээнүүд амжилттай болох эсэхэд эргэлзэхэд хүргэж буй жишээнүүд Азийн орнуудад бий. Тухайлбал, Өмнөд Солонгос улс хүүхэд асрах болон гэр бүлийг дэмжих бодлогоо өргөжүүлсний үр дүнд хоёр жил дараалан төрөлтийн түвшин нь нэмэгдсэн ч нэмэгдээд нэмэгдээд 0.8 дээр хэвээрээ байгаа юм. Харин Японы төрөлтийн түвшин 2025 онд 1.14 болсон нь 10 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт байлаа. Мөн энэ нь Японы хувьд түүхэн доод үзүүлэлт болоод байгаа юм.

Хэдий эргэлзээ байгаа ч оргүйгээс охинтой нь дээр гэдэгчлэн сингапурчууд нөхцөл байдлыг өөрчлөхийг оролдож байна.

Наньяны технологийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн туслах профессор Чуа Ёу Хви хэлэхдээ “Одоогийн чиг хандлага нь хүүхэд өсгөхөд шаардагдах зардал нь зөвхөн хүүхэд төрүүлэх үеэр л хязгаарлагдахгүй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн болоод цаг хугацааны зардал олон жилийн турш үргэлжилдэг. Энэ удаагийн шинэ төлөвлөгөө нэг удаагийн мөнгөн урамшууллаас илүү ирээдүйтэй санагдаж байна. Хүүхэд өсөхийн хэрээр төрийн дэмжлэг ч үргэлжилнэ гэсэн тодорхой итгэл үнэмшлийг эцэг эхчүүдэд өгч байна” гэжээ.

Гэхдээ энэ төлөвлөгөөнд сөрөг тал ч бий. Тухайлбал, ажилтнууд чөлөө авах үед бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд доголдол үүсэж болзошгүй. Энэ нь бодлого боловсруулагчдад өөр нэгэн сорилтыг бий болгож байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн