Сербийн ерөнхийлөгч Александр Вучич огцрохоо мэдэгдлээ

Серби улсад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал 18 дахь сардаа үргэлжилж байна. Тэгвэл энэхүү жагсаалтай холбоотойгоор 12 жилийн турш засгийн эрхэнд байсан ерөнхийлөгч Александр Вучич ойрын хугацаанд огцроно гэдгээ мэдэгдлээ. Мөн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг эртхэн зохион байгуулна гэв.

Угтаа бол Вучичийн бүрэн эрхийн хугацаа 2027 оны дунд үеэр дуусах ёстой.

2024 оны арваннэгдүгээр сард Нови Садын төмөр замын буудлын саравч нурж, 16 хүн амиа алдсанаар тус улсад засгийн газрын эсрэг жагсаал эхэлсэн. Авлигын эсрэг тус жагсаалыг оюутнууд удирдан эхлүүлжээ. Засгийн газар барилгын төслүүдийг буруу удирдаж, авлигад өртсөн тул төмөр замын буудалд ийм осол болсон гэж жагсагчид болон сөрөг хүчнийхэн, хүний эрхийн байгууллагууд үзсэн юм.

Вучич ерөнхийлөгчийн суудлаас буулаа ч улс төрийн тавцангаас холдох магадлал багатай. Учир нь түүний нам парламентын сонгуульд ялбал ерөнхий сайд болох замыг нээж өгч магадгүй юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Вучич өөрийнхөө аль нэг холбоотныг ерөнхийлөгчөөр томилуулах гэж зүтгэх магадлалтай. Ингэснээр тэр эрх мэдлийн хөшүүргийг алдалгүй атгасаар байх болно.

Сербид ерөнхийлөгчийн албан тушаал ихэвчлэн бэлгэдлийн шинжтэй байдаг ч Вучич нам болон засгийн газартаа ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрбээр дахин ерөнхий сайдаар ажиллах санаагаа урьд нь илэрхийлж байсан. Саяхан хэд хэдэн холбоотон нь хүртэл түүнийг дахин сайд болох ёстой гэж олон нийтэд ил тод мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн