ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан, Кремлийн Тамгын газрын дарга асан бөгөөд Путины эртний холбоотон Сергей Иванов 73 насандаа өөд болсныг “VTB” сагсан бөмбөгийн нэгдсэн лиг мэдэгдлээ. Тэрээр “VTB” сагсан бөмбөгийн нэгдсэн лигийн хүндэт ерөнхийлөгч байжээ.
Түүний үхлийн шалтгааныг мэдэгдэлд дурдаагүй байсан ч “Meduza” хэвлэлд мэдээлснээр Иванов архаг хууч өвчнөөр удаан шаналсан аж.
Путин Кремлийн албан ёсны цахим хуудсанд нэг өгүүлбэртэй товч албан мэдэгдэл нийтэлж, Ивановын ар гэр, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлсэн байна.
Иванов, Путин хоёр анх 1970-аад онд “KGB”-ийн залуухан албан тушаалтнууд байхдаа танилцжээ. Путин 1990-ээд онд Санкт Петербургийн хотын даргын албанд томилогдоход Иванов байрандаа үлдэж, улмаар Гадаадын тагнуулын албаны ахлах офицер болтлоо өссөн юм. Тэд Путиныг 1990-ээд оны сүүлээр холбооны засгийн газарт дэвших үеэр эргэн уулзжээ. Путин 1998 онд Ивановыг ФСБ-ын аюулгүй байдлын албаны орлогчоор томилсон. Ингээд ердөө жилийн дараа Путин ерөнхий сайд болж, хуучны андаа Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгээр дэвшүүлжээ.
Иванов 2001-2007 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллажээ. Харин Дмитрий Медведевийн үед тэр тухайн үед ерөнхий сайд байсан Путины орлогчоор ажилласан байна.
Медведев 2011 оны сүүлээр Ивановыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилжээ. Энэ нэр хүндтэй, хүчирхэг албыг Иванов 2016 оныг хүртэл хашсан юм. 2016 онд Путин түүнийг байгаль орчныг хамгаалах, тээврийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийн албан тушаалд шилжүүлжээ.
Энэ албан тушаалаас нь ердөө өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг огцруулсан юм. Албан тушаалаас буугаад хэдхэн хоногийн дараа Иванов 73 нас хүрчээ. Өөрөөр хэлбэл, Иванов төрийн алба хаших насны хязгаараас даруй гурван насаар хэтэрсэн байжээ.
