Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КОПЕНХАГЕН, 2026 оны зургаадугаар сарын 28 /Reuters/. Скандинавын хойгоос Альпийн нуруу хүртэлх Европын орнуудын иргэд бямба гарагт аагим халууныг даван тууллаа. Олон арван хүний амь насыг авч одсон хэт халуун агаарын урсгал зүүн зүгийг чиглэн эрчээ авч байгаа бөгөөд зарим бүс нутагт 40 хэмийг давж халж, цаг уурын дээд амжилтууд эвдэгджээ. 

Бямба гарагт Герман, Дани, Чех улсуудад түүхэндээ байгаагүйгээр халсан бол Швейцарт зургаадугаар сарын хамгийн халуун өдөр тохиолоо. Энэ долоо хоногийн эхээр Франц, Их Британид мөн хамгийн халуун өдрүүүд бүртгэгдсэн юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар, хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгал өөрчлөгдөөгүй бол ийм аагим халуун болохгүй байжээ. Мөн энэ долоо хоногт шөнийн агаарын температур 20 жилийн өмнөх үеийнхээс 100 дахин илүү халуун байх магадлалтай байна.

Германы Бундестагийн гишүүн, Ногоон намын парламентын бүлгийн дарга асан Катрин Гёринг-Эккардт “X” хуудсандаа “Энэ халуун бол зуны таатай уур амьсгал биш. Энэ бол эрүүл мэндийн хямрал” хэмээн бичжээ. Бямба гарагт Берлин хотод 39 хэм хүрч халж, хүмүүсийг сэрүүцүүлэхийн тулд цагдаагийн байгууллага ус шүршигч ашигласан байна. Германы Цаг уурын албанаас мэдээлснээр, зүүн нутгийн Саксони-Анхальт мужийн Мёкерн-Древиц сууринд агаарын температур 41.5 хэмд хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж, ганцхан өдрийн өмнө Францын хилээс холгүй орших Саарбрюккен хотод бүртгэгдсэн 41.3 хэмийн дээд үзүүлэлтийг шинэчилжээ.

Данийн Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр, бямба гарагт Орхус хотын хойд хэсэгт агаарын температур 37 хэм хүрсэн нь 1874 оноос хойш цаг уурын хэмжилт хийж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Чехийн Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс Прага хотын хойд хэсэгт 40.9 хэм хүрч халсныг бүртгэсэн байна. Словакийн нийслэл Братислава хотод баасан гарагт түүхэн дэх хамгийн халуун шөнө өнгөрчээ.

Халуун агаарын урсгал зүүн зүг рүү шилжиж байгаа бөгөөд Польшийн нутгийн бараг бүх хэсэгт 30 хэмээс давж халж эхэлжээ. Дунай мөрний ус халсны улмаас Унгарын “Пакш” атомын цахилгаан станцын (АЦС) нэг реакторын цахилгаан үйлдвэрлэлийг бууруулахад хүрсэн байна. Үүнээс өмнө Швейцарын “Безнау” АЦС Ааре голын усны температур хэт өндөр болсны улмаас реакторуудынхаа үйл ажиллагааг түр зогсоосон юм.

Францад хэт халууны улмаас залуу, ахмад гэлтгүй олон арван хүн нас бараад байна. Тус улсад 40 хэмээс давж халж байгаагийн улмаас төмөр замын тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл саатжээ. Түүнчлэн эрх баригчид согтууруулах ундаа худалдахыг хориглож, хичээл сургуулиудын үйл ажиллагааг зогсоосноос гадна, задгай талбайд болох арга хэмжээнүүдийг хойшлуулсан байна.

Италийн Эрүүл мэндийн яамнаас бямба, ням гаргуудад Милан, Ром, Турин, Венец, Генуя, Флоренц, Болонья зэрэг 18 хотод халууны “улаан” түвшний аюулын дохио зарлажээ. По голын усны түвшин эрс буурч, далайн ус эх газар луу гүн түрэн орж байгаа нь нутгийн хөдөө аж ахуй болон Италийн хамгийн чухал усан замын экосистемд аюул учруулж эхэлсэн байна.

Мөн төмөр замын рельс тэлж муруйж байгаа тул төмөр замын операторууд тээврийн хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авчээ. Германы “Deutsche Bahn” оператор компани үйлчлүүлэгчдэд хот хооронд зорчих тасалбараа ирэх долоо хоногийн эхэн үе хүртэл үнэ төлбөргүй цуцлахыг зөвшөөрсөн байна. Өөр нэгэн оператор болох “National Express” компани Германы хамгийн их хүн амтай Хойд Рейн-Вестфали мужид урьдчилан сэргийлэх үүднээс зарим галт тэрэгний хөдөлгөөнийг бямба гаргийн үдээс хойш  зогсоожээ.

Хамбург хотын орчимд хэт халууны улмаас асфальтан зам хагарсан тул Германы хамгийн ачаалалтай хурдны замуудын нэгийг хэсэгчлэн хаасан байна. Франкфурт хотод ням гарагт болох “Ironman” Холын зайн триатлоны Европын аварга шалгаруулах тэмцээний дугуй болон гүйлтийн зайг халууны улмаас богиносгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн