Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

 Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич “ойрын долоо хоногуудад” албан тушаалаасаа огцорно гэдгээ бямба гарагт болсон өөрийг нь дэмжигчдийн жагсаалын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.

А.Вучич өөрийг нь огцрсны дараа парламентын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулна гэдгийг онцолжээ. Сонгуулиудыг ирэх намраас хэтрэхгүй зохион байгуулах төлөвтэй байна.

А.Вучич төр бариад 13 жил болж байгаа бөгөөд түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа 2027 оны дундуур дуусах ёстой байв. Сербийн Үндсэн хуулиар нэг хүн ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёроос илүү удаа хашихыг хориглодог.

Өмнө нь тэрбээр эрх мэдэлдээ үлдэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх бодолгүй байгаагаа мэдэгдэж байсан юм. Гэхдээ тэрбээр парламентын сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа төдийгүй тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэрээ дэвшүүлнэ гэж найдаж байгаагаа мэдэгджээ. А.Вучич 2014-2017 онуудад Сербийн засгийн газрыг тэргүүлж байсан юм.

Тэрбээр Серби даяар жил хагасын турш үргэлжилж буй, авлигыг эсэргүүцсэн оюутнуудын жагсаалын үеэр хугацаанаасаа өмнө огцрохоо мэдэгдэж байна. Жагсаал цуглаан эхлэх гол шалтгаан нь Нови-Сад хотын төмөр замын буудлын саравч нурж, улмаар 16 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал байв.

Оюутнуудын зохион байгуулж буй жагсаалуудад тогтмол хэдэн арван мянга, заримдаа хэдэн зуун мянган хүн цугладаг байна. Жагсагчид А.Вучич болон түүний хүрээллийнхнийг газар авсан авлигатай, мөн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбогдсон, түүнчлэн улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг хүч хэрэглэсэн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон гэж буруутгаж байгаа аж.

Жагсагчдын тавьж буй гол шаардлагуудын нэг нь хугацаанаас өмнө сонгууль явуулах юм. Олон нийтийн санаа бодлын судалгаагаар тус улсын иргэдийн 80 орчим хувь нь оюутнуудын авлигыг эсэргүүцсэн шаардлагыг, харин 64 хувь нь жагсаалыг нь дэмжиж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн