Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 26 /Reuters/. Израил, Ливан улсууд Америкийн Нэгдсэн Улсын зуучлалаар Вашингтон хотноо суурь хэлэлцээрт баасан гарагт гарын үсэг зуржээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэхдээ, энэхүү баримт бичиг нь 1948 оноос хойш дайны байдалд байгаа албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй хоёр улсын хооронд “бат бөх энх тайван, аюулгүй байдлын үндэс суурийг бүрдүүлэх” зорилготой гэлээ.

Уг суурь хэлэлцээрт Израилын Батлан хамгаалах армийн (IDF) анги нэгтгэлүүдийг Ливаны өмнөд нутгийн Литани голоос хойш болон урагш орших хоёр жижиг бүс нутгаас гаргахаар тусгасан байна. Эдгээр бүс нутгийн хяналтыг “туршилтын төсөл” хэлбэрээр Ливаны армид шилжүүлэх бөгөөд үүнд АНУ-ын арми тус бүсэд “Хезболла” бүлэглэлийн дайчид дахин гарч ирэхгүй байхыг хянах зорилгоор оролцох аж.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлэлцээрт гарын үсэг зурсны дараахан мэдэгдэл хийхдээ, “Хезболла” зэвсгээ хураалгаж, Израил улсад учирч буй аюул арилах хүртэл” Израилын цэрэг Ливаны өмнөд нутагт байгуулсан “аюулгүй байдлын бүс”-ээ орхихгүй гэв.

Үүний зэрэгцээ Израилын Засгийн газрын тэргүүн уг хэлэлцээрийг Ираны нөлөө, байр сууринд “хүнд цохилт” болсон гэж тодорхойлов. Тэрбээр X хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ “Үнэн хэрэгтээ Израил, Ливан, АНУ гурав Иранд хандан “Та бүхэнд Ливанд ямар ч үүрэг, оролцоо байхгүй. Иран ч, “Хезболлах” ч, өөр ямар ч тоглогч ч Ливанд оролцох эрхгүй гэж хэлж байна” хэмээн мэдэгджээ.

Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун энэхүү хэлэлцээрийг Ливаны ард түмэн “бүрэн чөлөөлөгдсөн газар нутаг, гарцаагүй сэргээн босгох гэр орондоо” эргэн ирэх боломжийг олгох “анхны алхам” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр мөн Ливан улс “өөрийн газар нутаг, ард түмний бүрэн эрхт байдлыг хэнтэй ч хуваалцахгүй” гэж мэдэгдсэн байна.

Харин “Хезболла” бүлэглэлийн удирдагч Наим Касем Израилын цэргийг Ливаны газар нутгийн “сантиметр бүрээс ямар ч болзолгүйгээр” гаргахыг шаардсан байна. Мөн Ливаны парламентад тус бүлэглэлийг төлөөлдөг Хасан Фадлалла мэдэгдэхдээ, Ливаны Засгийн газар “иргэний дайн” дэгдээхгүйгээр энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжгүй гэв.

Израил, Ливаны хооронд энхийн хэлэлцээрийг 60 хоногийн дотор эцэслэн байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн