Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КАРАКАС, 2026 оны зургаадугаар сарын 26 /Reuters/. Венесуэлд дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 900-гаас давлаа. Нутгийн иргэд болон аврагчид нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайхаар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад гадаадын аврах багууд, тусламжийн цуваа дөнгөж хүрч эхлээд байна.

Венесуэлийн Засгийн газраас мэдээлснээр, өнгөрсөн лхагва гаргийн орой Каракас болон тус хотын ойр орчмын бүс нутгийг сүйрүүлсэн газар хөдлөлтийн улмаас одоогоор 172 хүн нурангин дор дарагдсан хэвээр байгаа аж. Гамшгийн улмаас 920 хүн амиа алдаж, 3360 хүн бэртэж гэмтсэн бөгөөд 50 мянга гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Баасан гаргийн үдээс хойш тус улсад 4.9 магнитудын чичирхийлэл дахин бүртгэгдсэн нь нийслэл Каракас болон ойролцоох Маракай хотод мэдрэгджээ.

Гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүсүүдийн нэг болох Ла Гуайра мужид эрэн хайх, аврах ажиллагаа удаашралтай байгаад иргэд бухимдаж байна. Тус мужид хүнд даацын техник хэрэгсэл дутагдалтай, албаны хүмүүсийн оролцоо хангалтгүй байгаа тул оршин суугчид, сайн дурынхан нурангийг гараараа ухаж, амьд үлдсэн хүмүүсийг хайсаар байгаа аж.

25 настай Женнифер Паласиосын хэлснээр, түүний зургаан настай хүү болон гэр бүлийн өөр таван гишүүн Ла-Гуайра хотын найман блок бүхий Уго Чавесын нэрэмжит орон сууцны хорооллын нурангин дор одоо хүртэл дарагдсан хэвээр байна. “Одоогоор хүмүүсийг амьд гаргаж авч чадсан нь манай оршин суугчдын л зүтгэл. Бетон хавтангуудыг холдуулахын тулд кран авчрах шаардлагатай байна. Тэнд хүмүүс дарагдсан хэвээр байна” хэмээн тэрбээр ярилаа.

Энэхүү байгалийн гамшиг нь түр ерөнхийлөгч Делси Родригест улс төрийн хүнд сорилт болж магадгүй байна. Тэрбээр Николас Мадурогийн засагт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хэдий ч өөрийгөө улс төрийн шинэчлэгч хэмээн харуулахыг хичээж байгаа билээ.

НҮБ-ын тайланд дурдсанаар, 7.2, 7.5 магнитудын хүчтэй дараалсан газар хөдлөлтийн улмаас учирсан шууд хохирол 6.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хоёр дахь газар хөдлөлт нь сүүлийн зуу гаруй жилд тохиогоогүй хамгийн хүчтэй нь байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн