Венесуэль улсад зургадугаар сарын 24-ний өдөр болсон газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 188 хүрч, 1500 гаруй хүн бэртэж гэмтээд буйг “CNN” агентлаг өнөө өглөөний байдлаар /2026.06.26/ мэдээллээ. Хоорондоо 40 секундын зайтай 7.2, 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлтөөс болж олон ч хүн нуранги дор дарагдсан, гацсан, сураггүй болсон байдалтай байна. Хоёр газар хөдлөлтийн сүүлийнх нь Венесуэльд сүүлийн 100 гаруй жил тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт байжээ.
Улс төр, эдийн засгийн хямралд нэрвэгдээд байсан Венесуэлийг ийнхүү дахин нэг гамшиг нөмрөн авлаа. Орон гэрээ газартай тэгшлүүлсэн иргэд очих газаргүй болж, хилийн чанадад амьдарч буй венесуэльчууд хайртай хүмүүсээ эсэн мэнд байгаасай хэмээн залбирч байна.
Гамшигийн хариу арга хэмжээнд туслуулахаар улс орнууд хандив болон тусламжийн баг илгээхээ мэдэгдсээр байна.
Тухайлбал, АНУ элит аврах багаа илгээнэ гэж мэдэгдсэн бөгөөд чухам хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн НҮБ аврах, эрэн хайх багаа, хөрш Колумб улс 60 гаруй аврагч, дөрвөн нохой, бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээнэ гэж мэдэгдлээ. Түүнчлэн Куба, Панам, Испани, Мексик, Европын холбоо, Иран, Хятад улсууд, мөн Ромын пап XIV Лео тусламж илгээхээ мэдэгдээд байна.