Ойрхи Дорнодод мөргөлдөөн гарч, Ормузын хоолой бараг хаагдсантай холбогдуулан Азийн улс орнууд түүхий нефтийн өөр эх үүсвэр хайж эхэлжээ. Жишээлбэл, Өмнөд Солонгос улс гурван жил гаруй хугацааны дараа анх удаа ОХУ-ын нефтийг худалдаж авч эхлэх талаар хэлэлцэж эхэлсэн байна. Мөн Оросоос нафта худалдан авах боломжийг хэлэлцэж байна. Нафта нь этилен үйлдвэрлэлд зайлшгүй шаардагддаг газрын тосноос нэрсэн шингэн юм. Харин этилен нь гялгар уутнаас эхлээд хүнсний сав баглаа боодол хүртэл бүх зүйлийн гол орц болдог.
АНУ-аас тодорхой хугацаанд Оросын нефть тээвэрлэлтийг зөвшөөрсөн түр журам гаргасны дараа энэ хэлэлцээ эхэлжээ. Энэ журам нь гуравдугаар сарын 12–ноос дөрөвдүгээр сарын 11-ний хооронд тээвэрлэгдэх түүхий нефтьтэй холбоотой юм. Өмнөд Солонгос улс 2022 онд Орос, Украины дайн эхэлсний дараа Оросын нефтийг импортлохоо зогсоосон. Үүнээс хойш тэд Ойрхи Дорнодоос ихэнх нефтиэ авч байсан бөгөөд нийт нийлүүлэлтийн 70 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамждаг байжээ.
Ойрхи Дорнод дахь эрчим хүчний байгууламжуудад халдлага гарсны дараа нефтийн үнэ огцом өсөж, брент маркийн нефтийн үнэ нэг баррель нь 116 ам.доллар давжээ. Өмнөд Солонгос ойролцоогоор 22.46 сая баррель нефтийг стратегийн нөөцөөсөө гаргах төлөвтэй байна. Энэ нь Олон улсын эрчим хүчний агентлагтай хамтран хэрэгжих юм. Япон, Сингапур, Индонез, Тайланд, Филиппин, Шри Ланка зэрэг Азийн бусад орнууд ч мөн нефтийн үнийн өсөлтөөс болж Оросын нефтийг худалдан авах боломжийг судалж байна. Азийн орнууд энэ сард Оросын түлшний нефтийг түүхэн дээд хэмжээгээр импортлох төлөвтэй байна. Хамгийн том худалдан авагчид нь Сингапур, Малайз, Хятад байх магадлалтай.