Оросын нефть борлуулалт 13 жилийн дээд хэмжээндээ хүрчээ

Оросын Урал ангиллын нефтийн үнэ баррель нь 116 ам.доллараас давж, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал Приморск боомт болон Новороссийск боомтоос гарч буй нефтийн үнэ дөрөвдүгээр сарын эхээр 114–116 ам.долларт хүрсэн байна.

Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын хоригийн нөлөөгөөр 40 ам.доллараас доош байсан үетэй харьцуулахад ойролцоогоор 230 хувийн өсөлт юм. Өдгөө Орос улс нефтийн томоохон экспортлогчийн хувьд, ялангуяа Ойрх Дорнодоос хамааралтай Азийн орнуудад илүү их нефть нийлүүлж байна. Мөн АНУ зарим хоригийг түр хугацаанд сулруулснаар Оросын нефтийг борлуулах боломж нэмэгджээ.

Оросын нефтийн үнэ өссөн нь тус улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Шинжээчдийн мэдэгдсэнээр, энэ сард тус улсын нефть, хийн орлого нь ойролцоогоор 12.7 тэрбум ам.долларт хүрч магадгүй бөгөөд энэ нь өмнөх саруудаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Оросын санхүүгийн дүрэмд тусгагдсанаар нефтийн үнэ тодорхой түвшнээс давбал орлого нь улсын нөөц санд хуримтлагддаг байна.

“Financial Times” өмнө нь үнийн өсөлт нь Оросын улсын төсөвт өдөр бүр 150 сая ам.долларын нэмэлт орлого оруулж байна гэж тооцоолж байсан.

Гэсэн хэдий ч эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн Украины нисгэгчгүй онгоцны дайралт саяхан огцом нэмэгдсэн нь Оросын экспортын хүчин чадлыг бууруулж байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн