АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Арктикийн арал руу түрэмгийлэх шийдвэр гаргах бол Дани улс хариу арга хэмжээ авах бэлтгэл хийж байжээ. Данийн олон нийтийн телевиз “DR” мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард Данийн цэргүүд Гренланд руу ниссэн явдал нь АНУ-ын түрэмгийллээс болгоомжилж байсантай холбоотой байсан. Тэд хэрэв АНУ-ын хүчин ирвэл Гренландын нисэх онгоцны буудлын гол зурвасуудыг дэлбэлэхэд бэлтгэж байжээ. Мөн мөргөлдөөн гарлаа гэж бодоход шархадсан цэргүүдээ болон оршин суугчдыг эмчлэхийн тулд цусны хангамж авчирсан байна. “DR” телевиз дээрх мэдээллийг Данийн засгийн газар, цэргийнхэн болон Европын холбоотнуудын эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ. “Financial Times” сонин дээрх мэдээллийг үнэн болохыг Европын хоёр албан тушаалтнаас асууж, баталгаажуулсан байна. Харин “BBC” агентлаг Данийн батлан хамгаалах яамнаас баталгаажуулах гэсэн боловч татгалзсан хариу авчээ.
Гэхдээ нэрээ нууцалсан Данийн цэргийн ахлах албан тушаалтан “BBC”-д хэлэхдээ, “Аюулгүй байдлын үүднээс уг ажиллагааны талаар цөөн тооны хүмүүс л мэдэж байсан” гэж мэдэгдсэн байна.
АНУ болон Дани улс хоёулаа НАТО-гийн гишүүн. Гэвч Гренландын асуудал нь Вашингтон болон Европын холбоотнуудын хооронд ноцтой санал зөрөлдөөн үүсгэсэн. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг удирдах хүсэлтэй байгаагаа олон удаа хэлсэн юм. Дани болон Гренландын удирдагчид энэ саналыг удаа дараа няцаасан. “DR” дээрх мэдээллийг Данийн засгийн газар, цэргийн өндөр албан тушаалтнууд болон Франц, Герман зэрэг холбоотон орнуудын нийт 12 эх сурвалжид тулгуурлан гаргасан байна. Эх сурвалжуудын хэлснээр, Дани улс Франц, Герман болон хойд Европын орнуудаас улс төрийн дэмжлэг хүссэн байна. Тэд Европын эв нэгдлийг харуулж, Гренланд дахь хамтарсан цэргийн ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьжээ.
АНУ-ын тусгай хүч нэгдүгээр сарын 3-нд Венесуэлд ажиллагаа явуулж, Николас Мадурог баривчилснаар нөхцөл байдал улам хурцадсан гэж эх сурвалжууд тайлбарлаж байна.
Дараагийн өдөр нь Трамп “Хоёр сарын дараа Гренландын асуудлыг анхаарна” гэж хэлээд, энэ арал нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд маш чухал гэж дахин мэдэгдсэн билээ. Мөн ямар ч нотолгоогүйгээр Гренланд орчимд Орос, Хятадын усан онгоцнууд байгаа гэж хэлсэн.
Данийн нэгэн аюулгүй байдлын албан тушаалтан хэлэхдээ, Трампын мэдэгдлүүд болон Венесуэлийн үйл явдлын дараа боломжит бүх нөхцөл байдлыг ноцтой авч үзэх шаардлагатай болсон гэсэн аж.
Удалгүй Дани, Франц, Герман, Норвеги, Шведийн цэргүүдээс бүрдсэн жижиг хүчийг Гренландын Нуук болон Кангерлуссуак руу илгээсэн юм. Тухайн үед Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон шаардлагатай бол газар, агаар, тэнгисийн хүчээр нэмэлт дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Улмаар Данийн тусгай хүчин болон хүйтэн бүсэд байлдах бэлтгэлтэй Францын цэргүүдийг Гренланд руу илгээсэн байна. Мөн онгоц болон Францын тэнгисийн хөлөг онгоцыг тус бүс рүү илгээжээ. Албан ёсоор энэ нь “Operation Arctic Endurance” нэртэй цэргийн сургуулилалт байсан. Гэхдээ бодит зорилго нь АНУ довтлох магадлалд бэлтгэх явдал байжээ.
Дани улс хэрэв АНУ довтолбол цэргүүд нь тулалдана гэж шийдсэн байв. Мөн АНУ-ын сонгоцуудыг буулгахгүй байхын тулд нисэх буудлын зурвасуудыг устгахад бэлэн байсан. Данийн нэгэн эх сурвалжийн хэлснээр зорилго нь АНУ-ын довтолгоог илүү хэцүү, өндөр өртөгтэй болгох байсан ч бүрэн зогсоох боломжгүй гэж үзэж байжээ. Нэгдүгээр сарын 21-нд Трамп цэргийн хүч ашиглахыг хүсэхгүй, тайван аргаар шийдэхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн. Үүнээс хойш тэр яаралтай хэлэлцээ хийж, зөрчлийг намжаахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.