ОХУ, БНАСАУ-ыг холбосон анхны авто замын гүүрийг нээлээ

ОХУ болон БНАСАУ-ыг холбосон анхны авто замын гүүрийг Даваа гаригт (2026.09.07) албан ёсоор нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Гүүрийг Түмэн голын дээгүүр барьсан бөгөөд нэг км урт, хоёр урсгалтай юм. Нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, БНАСАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Пак Тэ Сон нар цахимаар оролцжээ.

Мишустин хоёр орны харилцаа “иж бүрэн стратегийн түншлэлийн өндөр түвшинд” хүрсэн гэж мэдэгдээд, шинэ гүүр нь худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Есөн тэрбум рублийн өртгөөр барьсан уг гүүрийг 1946 онд Пёньян хотод болсон үйл явдлын үеэр Ким Ир Сенийг гранатын дэлбэрэлтээс хамгаалж, амийг нь аварсан Зөвлөлтийн офицер Яков Новиченкогийн нэрэмжит болгожээ.

ОХУ, БНАСАУ-ыг 1950-иад онд баригдсан төмөр замын гүүр өмнө нь холбож байсан. Өнөөдөр шинэ авто замын гүүр нь хоёр улсын хоорондын хуурай замын тээврийн боломжийг нэмэгдүүлж байна.

Шинэ гүүрийг барих тухай гэрээг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар 2024 онд Пёньянд хийсэн уулзалтын үеэр байгуулжээ. Барилгын ажил 2025 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд БНАСАУ өөрийн талын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгасан байна. Харин ОХУ-ын талын барилгын ажил удааширснаар гүүрийн нээлт хэдэн сараар хойшилсон байжээ.

Гүүр болон түүнтэй хамт шинээр байгуулсан хилийн боомт нь ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарыг БНАСАУ-тай холбож, өдөрт 300 хүртэлх автомашин, 2300 орчим хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай аж.

Зарим ажиглагчийн үзэж байгаагаар, шинэ гүүр нь хоёр улсад цэргийн техник, алба хаагчдыг тээвэрлэх нэмэлт зам болж болзошгүй байна.

ОХУ, БНАСАУ-ын цэрэг, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа Украины дайн эхлүүлснээс хойш улам өргөжсөн. Хоёр улс 2024 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан бөгөөд аль нэг улс нь халдлагад өртсөн тохиолдолд нөгөө тал нь цэргийн тусламж үзүүлэхээр тохиролцсон юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн