ЛОНДОН, 2026 оны есдүгээр сарын 8 /TASS/. Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар тус улсад хувийн статустайгаар амьдрах бөгөөд хааны гэр бүлийг төлөөлөхгүй, хааны гэр бүлийн гишүүний үүргийг гүйцэтгэхгүй. Энэ тухай хааны ордонд албан ёсны үйл ажиллагаа зохион байгуулах, мөн хаан болон парламентын харилцааг хариуцдаг лорд-камергер Ричард Беньонд илгээсэн Их Британийн хаан III Чарльзын зааварчилгаа бүхий захидалд дурджээ.
Уг захидлаас эш татан “Sky News” телевизээр мэдээлснээр, хааны бага хүү гэр бүлийн хамт наймдугаар сарын сүүлчээр Их Британид эргэн ирж амьдрах болсонтой холбогдуулан ийм тайлбар хийх шаардлага гарсан байна. Сассексийн гүн, гүнгийн авхай нар албан ёсны үүргээ дахин гүйцэтгэхгүй гэж хэвлэлүүд мэдээлж байсан боловч энэ талаар Букингемийн ордноос олон нийтэд албан ёсны тайлбар хийгээгүй байсан юм.
“2020 оны нэгдүгээр сард Сассексийн гүн, гүнгийн авхай нар хааны гэр бүлийг төлөөлөх үүргээсээ татгалзаж, түүнээс хойш хааны гэр бүлийн албан ёсны гишүүн байхаа больсон нь нэгэнт тодорхой болсон. Хааны гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэдэг төрийн болон хааны үүргээс ялгаатай энэхүү статусыг цаашид ч чанд мөрдөх болно” гэж захидалд онцлоод “Сассексийн гүн, гүнгийн авхайн одоогийн статуст ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэдгийг дурджээ. Иймд ханхүү Харри, түүний гэргий “Эрхэм дээдэс” хэргэмийг ашиглах эрхгүй байна.
Хааны бага хүү, хаан ширээ залгамжлах дарааллын тавдугаарт бичигддэг Харри болон түүний гэргий Меган Маркл нар 2020 оны гуравдугаар сарын 31-нд Их Британийн хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзсан билээ. Тэр үеэс хойш тэд хааны гэр бүлийг гадаад, дотоодод албан ёсоор төлөөлөх, бусад ёслолын үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон юм. Харри, Меган нар АНУ руу нүүж, Калифорни муж улсын Санта-Барбара хотод худалдаж авсан байшиндаа амьдарч байгаад өнгөрсөн сарын эцэст Их Британид иржээ.