Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ

КАТМАНДУ, 2026 оны есдүгээр сарын 8 /Euronews/. Наймдугаар сарын 26-нд болсон гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Балба улсад даваа гаргийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Төрийн байгууллагуудын дээр мандаж буй далбааг бөхийлгөн хагас буулгаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гашуудлын ёслол үйлдэж байна.  

Албан ёсны мэдээллээр, Балба ба Төвөдөд болсон байгалийн гамшигт өртөн 1300 гаруй хүн амиа алдсан бол 5 мянга орчим хүн сураггүй алга болсон хэвээр байна.

Хүн амынх нь ихэнх хувь нь хиндү шашныг шүтдэг Балба улсад гашуудлын ёслол уламжлал ёсоор 13 хоногийн турш үргэлжилдэг. Хиндү шашинд чандарлах ёсыг хамгийн сүүлчийн чухал оршуулгын зан үйл гэж үздэг бөгөөд ойр дотны хүмүүсийнх нь цогцос олдоогүй үед ч гэсэн ийм зан үйлийг гүйцэтгэснээр сүнс чөлөөлөгддөг байна.  

Сураггүй болсон хүмүүсийн төрөл төрөгсөд нийслэл Катманду хот дахь Ерөнхий сайдын өргөө, яамдын байрны өмнө цуглаж, УЦС-ын барилга дээр ажиллаж байгаад сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг хурдасгахыг шаардсан байна.

Бямба гарагт аврагчид нэгэн УЦС-ын бүсэд байсан Хятадын нэг иргэн, баасан гарагт Балбын хоёр иргэнийг олж аварчээ. Одоо цахилгаан станцуудын 12 объектод ажиллаж байгаад сураггүй болсон 900 орчим хүнийг хайсаар байгаа бөгөөд тэднээс 500 орчим нь хонгилд гацсан гэж үзэж байна.

Австралийн аврагч Арнольд Дикс ярихдаа “эрэн хайх ажиллагаа хэд хэдэн туннельд зэрэг явагдаж байгаа нь урьд өмнө үзэгдээгүй тохиолдол юм” гэлээ. Балбын аврагчидтай мөр зэрэгцэн Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна. Амралтын өдрүүдэд гурван ажилчныг хонгил дотроос гаргаж ирсэн нь бусад хүмүүсийг олох боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.

Өмнө нь мэдээлснээр, Балбад 50 сая долларын тусламж шаардлагатай байгааг НҮБ мэдэгджээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн