Мексикийн нийслэл Мехико хотоос баруун хойд зүгт 160 км зайд орших Темаскалсингод шашны арга хэмжээний үеэр пиротехникийн материал дэлбэрчээ. Дэлбэрэлтээс болж дор хаяж 10 хүн амиа алдаж, 64 хүн гэмтэж бэртээд байна. Мексикийн төв хэсэгт орших 66 мянган оршин суугчтай Темаскалсингогийн Нуэстра Сеньора де ла Луз сүмийн хажууханд уг дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болох үед хэдэн зуун хүн цугласан байсан бөгөөд тэд шашны баярын нэг хэсэг болох ёслолын буудлагыг үзэж сонирхохоор хүлээж байжээ.
Дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ба Мексикийн Ерөнхий прокурорын газар мөрдөн байцаалт эхлүүлээд байна.
Пиротехникийн материалтай холбоотой дэлбэрэлт нь Мексикт цоо шинэ үзэгдэл биш. Тус улсад янз бүрийн шашны арга хэмжээ, тэмдэглэлт баярын үеэр гудамжинд ёслолын буудлага буудуулах нь элбэг байдаг. Дөрвөн жилийн өмнө л гэхэд Хуэжутла хотын нэгэн тосгонд пиротехникийн материал дэлбэрч, 17 хүн гэмтэж бэртжээ.
Пиротехникийн материал гэдэг нь галын эффект, тэсрэлт, гэрэл, дуу, утаа, өнгө үүсгэх зориулалттай химийн бодис болон тэдгээрийг агуулсан холимог материалуудыг хэлнэ.