Хориг арга хэмжээнд баригдсан Орос, Хойд Солонгос улсууд эдийн засаг, улс төр, соёл, цэрэг гээд олон талбарт харилцаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Хоёр улсыг холбосон гүүрийг нээх ёслолын ажиллагаа Мягмар гаригт /2026.04.21/ болсон нь харилцаа холбоо өргөжиж буйн хамгийн сүүлийн жишээ болж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар энэхүү гүүр нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болж буй.
Мөн гүүрний ач холбогдол зөвхөн инженерчлэлээр хязгаарлагдахгүй. Гүүрээр дамжуулан хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоо эрчимжинэ.
Хоёр улсын дунд орших Түмэн гол дээгүүр гаталсан уг гүүрээр өдөрт 300 тээврийн хэрэгсэл, 2850 хүн зорчих боломжтой.
Орос, Хойд Солонгос улсууд 2024 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан. Тухайн жилдээ Хойд Солонгос улс олон мянган цэргээ Украины фронтод илгээсэн билээ. Тэднийг Курск мужид Украины сөрөг довтолгооны эсрэг байршуулжээ. Үүний зэрэгцээ Оросын дээд түвшний албан тушаалтнууд сүүлийн үед Хойд Солонгост айлчлах нь ихэссэн.
Хятад, Оросын дэмжлэг нь Хойд Солонгосын эдийн засгийг сэргээхэд тусалж буйг Өмнөд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт анхааруулсан. Хойд Солонгос улс олон улсын хориг арга хэмжээн дор бүрэн тусгаарлагдмал гэж хэлэхэд болохуйц нөхцөлд байгаа ч батлан хамгаалахын салбартаа нөр их хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм. Тус улс эдийн засгийн хэмжээгээ ил тод зарладаггүй. Өмнөд Солонгосын тооцоолсноор 2024 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэрлэсэн дүнгээр 30 тэрбум ам.доллар орчим байжээ. Энэ нь Өмнөд Солонгосын эдийн засгийн өчүүхэн бага хувь гэсэн үг юм.





