Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ууган хүү Яир Нетаньяхуг АНУ-аас Тель Авивд яаралтай буцаан авчирчээ. Учир нь түүний амь насанд заналхийлсан тохиолдол гарсан гэж албаныхан мэдээлжээ.
Тодруулбал, Израилийн дотоодын тагнуулын байгууллага болох Шин Бет Бямба гаригт (2026.08.29) мэдээлэхдээ, Яир Нетаньяхугийн амь насанд “ноцтой аюул заналхийлэл” үүссэн тул түүнийг хамгаалалтын багийн хамт яаралтай нүүлгэн шилжүүлж, Израильд буцаах шийдвэр гаргасан гэж мэдэгджээ. Гэхдээ тус байгууллага заналхийллийн эх үүсвэрийг тодорхой мэдээлээгүй байна.
АНУ-ын “Newsmax” телевиз өмнө нь Яир Нетаньяхугийн амь насанд 2025 оны арванхоёрдугаар сард Иран заналхийлэх гэж оролдсон гэж мэдээлж байв. Тухайн үед тэр АНУ-ын Флорида мужид амьдарч байсан бөгөөд Израилийн тагнуулын байгууллага уг мэдээллийг авсныхаа дараа АНУ-ын эрх баригчдад мэдэгдсэн гэх мэдээлэл гарсан байна.
Бэньямин Нетаньяху өнгөрсөн долоо хоногт Израилийн “Channel 14” телевизэд ярилцлага өгөхдөө “Иран миний нэг хүүг онилж, алахыг оролдсон” гэж мэдэгдсэн юм.
Мэдээллээр, Яир Нетаньяхуг Израилийн хамгаалалтын баг байнга хамгаалдаг. Гэвч болзошгүй аюулын талаар мэдээлэл авсны дараа хамгаалалтын баг тухайн газрыг нэн даруй орхихыг Яир Нетаньяхуд үүрэг болгожээ. Тэрбээр хувийн эд зүйлсээ авч чадалгүй шууд Израиль руу буцсан байна.
Яир Нетаньяху сүүлийн хэдэн жил Флорида мужид амьдарч байгаа юм. Түүний тансаг амьдралын хэв маяг болон Израилийн улсын төсвөөс санхүүжүүлдэг хамгаалалтын багтай нь холбоотой асуудал тус улсын иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулжээ.
Мөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас Израильд халдсаны дараа Яир АНУ-д үргэлжлүүлэн амьдарсан нь шүүмжлэл дагуулсан байна. Олон зуун мянган Израилийн нөөцийн цэрэг дайчилгаанд хамрагдсан байхад ерөнхий сайдын хүү гадаадад амьдарч байгаа нь “давхар стандарт” гэж зарим иргэн үзэж байжээ.
Яир Нетаньяху нь барууны үзэлтэй идэвхтэн, подкаст хөтлөгч бөгөөд олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг. Тэрбээр Израилийн улс төрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ эцгийнхээ улс төрийн өрсөлдөгч, засгийн газрыг шүүмжлэгчид болон сэтгүүлчдийг байнга шүүмжилдэг байна.