СИДНЕЙ, 2026 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Мета компани АНУ-д өсвөр насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авсан нь залуучуудыг цахим орчинд илүү сайн хамгаалах хэрэгсэл компаниудад байгааг харуулж байна гэж Австралийн албаны хүмүүс пүрэв гарагт мэдэгджээ.
Мета компани өсвөр насныханд нийгмийн сүлжээнээс учруулсан хор хөнөөлийн асуудлаар АНУ-ын бараг бүх муж улстай 18 орчим тэрбум ам.долларын тохиролцоонд хүрсэн нь хүүхдүүдийг хамгаалах, “Facebook”, “Instagram” зэрэг платформд донтох явдлыг таслан зогсоох чиглэлээр дэлхийн улс орнуудын засгийн газруудын хийж буй тэмцэлд шинэ фронт нээлээ.
Засгийн газрууд хүүхдүүдийг цахим орчин дахь хор хөнөөлтэй контентод хандахыг хязгаарлахыг оролдож байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болсон юм.
Австралийн Харилцаа холбооны сайд Аника Вэллс “Ройтерс” агентлагт илгээсэн цахим захидалдаа, нийгмийн сүлжээний компаниудад “залуусыг донтуулахаас хамгаалах хэрэгсэл байгаа боловч үүнийгээ ашиглахгүй байхыг илүүд үзсээр ирсэн” гэж мэдэгджээ.
Мета компани АНУ-ын бараг бүх мужтай байгуулсан гэрээний дагуу платформуудаа хүүхдүүдийг донтуулдаг байдлаар зохион бүтээсэн гэх нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд 10 жилийн хугацаанд 18 орчим тэрбум ам.доллар төлж, өсвөр насныхны “Facebook”, “Instagram”-ийн хэрэглээг хязгаарлахыг зөвшөөрсөн байна. Мета тохиролцоонд хүрэхдээ буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм.
Энэхүү гэрээнд АНУ дахь Метагийн “Facebook” болон “Instagram” платформуудад 18-аас доош насны хэрэглэгчдийн хувьд аппликейшнуудыг хэрэглэх өдрийн хязгаарыг автоматаар хоёр цаг болгох гэх мэт томоохон өөрчлөлтүүд тусгагдах юм.
Метагийн зарим арга хэмжээг зөвхөн тодорхой зах зээлд бус, дэлхийн бүх залуу хэрэглэгчдэд хэрэгжүүлэх ёстой гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллага мэдэгдэв. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум хэлэхдээ, үүний Мексикт үзүүлэх нөлөөг засгийн газар судлах шаардлагатай гэжээ.
Энэхүү тохиролцоо нь бусад улс орнуудад үүнтэй төстэй арга хэмжээ авахад тусалж чадах эхний шинж тэмдгүүд илэрч буй нь энэ юм. Филиппиний Мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамны нарийн бичгийн дарга Хенри Агуда пүрэв гарагт болсон уулзалтын үеэр Мета болон тоглоомын платформ “Roblox” хоёулаа тус улсад нас баталгаажуулалтыг чангатгах, эцэг эхийн хяналтыг өргөжүүлэх, нийгмийн сүлжээн дэх цагийн хязгаарлалтыг хэрэгжүүлэхээ амласан байна.