Ираны Исламын хувьсгалт гвардын корпус наймдугаар сарын 30-ны өдөр Йордан дахь АНУ-ын хоёр бааз руу пуужин харважээ. АНУ Ираны өмнөд хэсэгт орших Ларак арал руу халдсан учир “Түрэмгийллийн шийтгэл” гэх хариу арга хэмжээг авч буйг Ираны хэвлэлүүдэд мэдэгдсэн байна. Цохилтод өртсөн баазууд нь Хуссейн хаан, Аль Азрак баазууд юм.
Исламын хувьсгалт гвардын корпусын мэдээлснээр, Иран энэхүү халдлагаараа техникийн болон засвар үйлчилгээний дэд бүтэц, дайсны сөнөөгч онгоц байрлуулах цэгүүдийг онилж, их хэмжээний хохирол учруулсан байна. Мөн “Исламын бүгд найрамдах улсын Ормузын хоолой дахь хяналтыг сулруулах гэсэн цөхрөнгөө барсан оролдлогыг түрэмгийллээр шийдвэрлэж чадахгүй. Бид аливаа халдлага бүрт үүнээс ч илүү сүйрэл дагуулсан хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдэлд дурджээ.
Ираны харвасан найман пуужинг саатуулж чадсан гэж Йордан сүүлд нь мэдэгджээ. Мөн гэмтэж бэртсэн хүн байхгүй гэв.
АНУ Ларак арал руу халдсанаа зөвтгөж мэдэгдэл хийхдээ “Ираныг Ормузын хоолойд мина тавихаас урьдчилан сэргийлж хязгаарлагдмал, нарийн арга хэмжээ авсан” гэжээ.
Ларак арлын халдлагаар цэргүүд амиа алдаж, бэртэж гэмтсэн боловч Ираны талаас тодорхой тоон мэдээлэл өгөөгүй байна.