Дөрвөн сая гаруй долларын цагаан алтан зүүлт хулгайд алдагджээ

ВЕНА, 2026 оны наймдугаар сарын 30 /Kazinform/. Австрийн Вена хотын музейгээс 4 сая гаруй долларын үнэтэй, 600 гаруй алмаазан шигтгээтэй цагаан алтан зүүлт хулгайд алдагдсан байна. Энэ тухай ВВС мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.

Пүрэв гарагт гэгээн цагаан өдрөөр хоёр эрэгтэй хүн Вена хотын Хэрэглээний урлагийн музейн шилэн хоргыг хагалан, түүн дотор байсан цагаан алтан зүүлтийг хулгайлан авч оджээ. Тэд музейн барилгын урд байдаг Вена хотын цэцэрлэгт хүрээлэнгийн зүгт зугтан алга болсон байна. Цагдаагийн газрын мэдээллээр, сэжигтнүүдийн нэг нь галт зэвсэгтэй байсан бололтой.

Египетийн хааны гэр бүлийнхэнд зориулсан урласан энэхүү гоёлын зүүлтийг үнэт эдлэлийн Van Cleef & Arpels компаниас тус музейд зохион байгуулж буй үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлж байв.

Сэжигтэн хоёр этгээд маскгүй байсан бөгөөд камерын бичлэгийг олон нийтэд тарааж, эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг өгөхийг цагдаагийн газраас уриалсан байна.  

Венад гарсан хулгай бол сүүлийн үед Европт гарсан үнэт эдлэл, хосгүй бүтээлүүдийг хулгайлсан хэргүүдийн нэг юм. Хэдхэн хоногийн өмнө Бонн хотын музейгээс 100 гаруй ширхэг чулуужсан олдвор, Сицилийн музейгээс Эх дагина Мадонна болон Христийг дүрсэлсэн хосгүй үнэт уран зургууд хулгайд алдагдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн