Ямайкийн засгийн газар олон зуун жилийн өмнөх боолчлолын үр дагаврыг арилгах зорилгоор Их Британиас нөхөн төлбөр авах асуудлыг хөндөж байна. Мөн энэ талаархи өргөдлөө III Чарльз хаанд гардуулах болсон бөгөөд тэрбээр Ямайкийн төрийн тэргүүнээр явдаг байна.
Ямайкийн соёлын сайд Оливия Грэнж болон Нөхөн төлбөрийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчид Даваа гаригт (2026.09.07) хаанд өргөдлөө хүргэхээр Лондонд ирсэн байна.
Тус өргөдөлд Их Британийн Дээд зөвлөлийн Шүүхийн хороонд уг асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргуулахыг III Чарльз хаанаас хүсчээ. Тус хороо нь Их Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болон Хамтын нөхөрлөлийн зарим орны эцсийн шатны, давж заалдах шүүхийн үүрэг гүйцэтгэдэг.
Ямайка уг шүүхээс хэд хэдэн чухал асуудлыг тодруулахыг хүсэж байна. Тухайлбал:
- Африк гаралтай хүмүүсийг хүчээр Ямайкад авчирч, боол болгон худалдаалсан нь тухайн үед хууль ёсны дагуу байсан эсэх,
- энэ үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдох эсэх,
- боолчлолын өнөөг хүртэл үргэлжилж буй үр дагаврын төлөө Их Британи Ямайкад нөхөн төлбөр олгох үүрэгтэй эсэхийг тодруулахыг хүссэн байна.
Ямайкийн талын үзэж буйгаар дээрх гурван асуудлыг хууль зүйн талаас дүгнэлт гарвал нөхөн төлбөр шаардах үйл явцыгахиулах боломжтой юм.
БООЛЧЛОЛ ЯМАЙКАД ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
XV-XIX зууны хооронд Африк тивээс 12.5 сая гаруй хүнийг хүчээр Америк тив рүү авчирч, боол болгон худалдаалсан байдаг. Ямайка ч энэ боолын худалдааны тогтолцооны нэг хэсэг байсан юм.
Ямайкийн соёлын сайд Оливия Грэнжийн хэлснээр, боолчлолын үед үүссэн асуудлууд өнөөдөр ч тус улсын хөгжилд нөлөөлсөөр байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг салбарт боолчлолын үеийн үр дагавар үлдсэн гэж тэр үзэж байна.
Тэрбээр “Хар салхи зэрэг байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Ямайка эдийн засгийн хувьд илүү их хүндрэлтэй тулгардгийн нэг шалтгаан нь боолчлол болон колоничлолоос өвлөгдөж үлдсэн хөгжлийн хоцрогдол” гэж тайлбарлажээ.
Карибын тэнгисийн орнуудаас Ямайка нь 2009 онд боолчлолын нөхөн төлбөрийн асуудлыг хариуцах үндэсний байгууллага байгуулснаараа анхны улс болсон байна.
Карибын тэнгисийн орнуудын нөхөн төлбөрийн асуудлыг дэмждэг байгууллагуудын төлөөлөгчид Европын орнууд боолчлолоос асар их ашиг хүртсэн бөгөөд өнөөгийн эдийн засгийн тэгш бус байдалд түүхэн үйл явдлуудын нөлөө бий гэж үздэг.
Ямайкийн энэ удаагийн айлчлал нь боолчлолын нөхөн төлбөр шаардах олон улсын кампанит ажлын нэг хэсэг юм. Цаашид Карибын тэнгисийн орнууд Барбадост болох нөхөн төлбөрийн асуудлаарх бага хурал, НҮБ-ын Ерөнхий ассамблей болон Хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хөндөхөөр төлөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд Их Британи болон Европын бусад хуучин колоничлогч орнуудыг Атлантын далай дамнасан боолчлолыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардах болжээ. Мөн үүний үр дагаврыг арилгахын тулд нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэхийг шаардсан уриалга дэлхий даяар нэмэгдэж байна.