Ли Жэ Мён Хойд Солонгосыг хэлэлцээ хийхийг уриалав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён өчигдөр (2026.03.01) Хойд Солонгосыг АНУ-тай хэлэлцээнд эргэн нэгдэж, “шинэ ирээдүй”-г хамтдаа бүтээхийг уриаллаа. Тэрбээр мөн Өмнөдийн засгийн газар Вашингтон болон хөрш орнуудтай идэвхтэй харилцаж, яриа хэлэлцээг дахин эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Ли Жэ Мён энэхүү мэдэгдлийг Сөүл хотын “COEX” төвд болсон гуравдугаар сарын 1-ний Тусгаар тогтнолын хөдөлгөөний ойн арга хэмжээний үеэр хэлсэн юм. Энэ өдөр нь 1919 онд Японы колоничлолын (1910–1945) эсрэг өрнөсөн үндэсний хөдөлгөөнийг дурсан тэмдэглэдэг. Тэрбээр Хойд Солонгос улс шинэ таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байгааг дурдаад, аль болох хурдан хэлэлцээний ширээнд эргэн ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн дайсагнал, сөргөлдөөн нь аль ч талд ашиггүй гэдгийг онцолжээ.

Ли Жэ Мён Өмнөд Солонгосыг “зуучлагч” болж, АНУ болон хөрш орнуудтай хамтран Вашингтон, Пёньяны хоорондын яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийн төлөө ажиллана гэв.

Түүнчлэн түүний засгийн газар Хойд Солонгосын тогтолцоог хүндэтгэж, хүчээр нэгдэх бодлого баримтлахгүй, дайсагнасан үйлдэл хийхгүй гэдгээ мэдэгдсэн.

Хойд Солонгос Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзсан ч саяхан болсон намын их хурлын үеэр АНУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийг нээлттэй үлдээсэн байна. Илтгэлийнхээ үеэр Ли Жэ Мён мөн Өмнөд Солонгос болон Япон улс энх тайван, хөгжилд суурилсан хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ түүхэн асуудлуудад шударгаар хандах ёстой гэж уриаллаа.

Тэрбээр Японтой харилцаагаа бодитой, ирээдүйд чиглэсэн байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ колоничлолын үеийн шийдэгдээгүй асуудлуудыг үргэлжлүүлэн авч үзнэ гэдгээ хэлэв.

Мөн Өмнөд Солонгос, Хятад, Япон гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэдгийг онцолж, Зүүн хойд Азид энх тайван, зохицол урьд урьдаас илүү чухал болсон гэж мэдэгдлээ. Нэгдүгээр сард Ли Жэ Мён Хятад болон Японд айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи нартай уулзан хамтын ажиллагаа болон тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн