Эпштейн файлын талаар Билл Клинтон мэдүүлэг өглөө

АНУ-ын Конгрессын хороо бэлгийн гэмт хэрэгтэн нас барсан Жеффри Эпштейнтэй холбоотой баримт бичигт нэр нь олонтоо дурдагдсан хүмүүсээс албан ёсны мэдүүлэг авч байгаа билээ. Тэгвэл түүнтэй ойр дотно харилцаатай байсан АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон Хиллари Клинтон нараас мэдүүлэг авчээ.

Билл Клинтон өнгөрөгч Баасан гаригт (2026.02.27) Конгрессын хороонд мэдүүлэхдээ, Эпштейнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй зүйл “юу ч хараагүй” бөгөөд “буруу зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ.

Клинтон Нью-Йорк хотод хаалттай хэлбэрээр бүтэн өдөр үргэлжилсэн мэдүүлэг өгсөн байна. Түүний нэр Эпштейний талаар шинээр ил болсон баримтуудад дурдагдсан талаар хууль тогтоогчид асуусан.

Эпштейний файлууд дахь нэгэн зураг дээр Клинтон халуун ваннд нэр нь тодорхойгүй эмэгтэйтэй хамт байгаа нь харагдсан байна. Клинтон тухайн эмэгтэйг танихгүй, бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлжээ.

Түүний эхнэр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон мөн өмнөх өдөр нь тусдаа мэдүүлэг өгч, Эпштейний гэмт хэргийн талаар ямар ч мэдлэггүй байсан гэж мэдэгдсэн. Эпштейний хохирогчдоос Клинтон хосыг буруутгасан хүн одоогоор гараагүй байна. Билл Клинтон хэрэв Эпштейний үйлдлийг мэдсэн бол түүнтэй харилцаагаа тасалж, өөрөө мэдээлэх байсан гэжээ. Мөн үнэнийг мэдсэн бол түүний хувийн онгоцоор хэзээ ч нисэхгүй байсан гэж хэлсэн байна.

Мэдүүлгийн дараа Билл Клинтон дахин мэдэгдэл хийж, Эпштейний гэмт хэргийн талаар мэдээгүй гэдгээ давтан хэлсэн байна.  Тэрбээр АНУ-ын Хууль зүйн яам бүх баримтыг ил болгох ёстой бөгөөд хохирогчид шударга ёсыг хүртэх ёстой гэж онцолжээ. Эхэндээ Билл, Хиллари Клинтон нар зарлан дуудах хуудсыг улс төрийн зорилготой хэмээн эсэргүүцэж байсан ч эцэст нь Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны өмнө мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн байна. Бүгд Найрамдах намын гишүүн, хорооны дарга Жеймс Комер дараа нь Билл Клинтоны мэдүүлгийг “маш үр дүнтэй” болсон гэж дүгнэж, тэр бүх асуултад хариулсан эсвэл хариулахыг оролдсон гэжээ.

Мэдүүлгийн бичлэг болон бүрэн эхийг ойрын өдрүүдэд нийтэлнэ гэсэн байна.

Мэдүүлгийн үеэр хууль тогтоогчид ерөнхийлөгч Дональд Трампын Эпштейнтэй холбоотой байсан асуудлыг ч хөндсөн байна. Ардчилсан намын зарим гишүүд Трампыг мөн мэдүүлэг өгөхийг шаарджээ. Тус намын гишүүн Роберт Гарсиа хэлэхдээ, Билл Клинтон Трамптай холбоотой зарим нэмэлт мэдээллийг дурдсан. Харин Комер хэлэхдээ, Клинтон мэдүүлэгтээ Трамп Эпштейний гэмт хэрэгт холбоотой эсэх талаар ямар ч мэдлэггүй гэдгээ хэлсэн. Гэсэн хэдий ч Трамп аль хэдийн буруугүй нь тогтоогдсон гэж мэдэгдсэн байна.

Билл Клинтон 20 орчим жилийн өмнө Эпштейнтэй  харилцаагаа тасалсан гэжээ. Тэрбээр 2001 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараах буяны ажлын хүрээнд Эпштейнтэй  холбоо тогтоож байсан бөгөөд энэхүү үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн. Эпштейн 2019 онд Нью-Йорк хотын шоронд бэлгийн мөлжлөгийн хэргээр шүүх хурлаа хүлээж байхдаа нас барсан юм. Засгийн газрын баримтуудад Эпштейн олон нөлөө бүхий хүмүүс, алдартнуудтай холбоотой байсан нь дурдагдсан. Гэвч нэр нь эдгээр баримтад орсон бол 100 хувь гэм буруутай гэсэн үг биш юм.

Конгрессын ийм төрлийн мэдүүлэг ихэвчлэн хаалттай болдог. Клинтон гэр бүл мэдүүлгээ олон нийтэд нээлттэй байлгахыг хүссэн нь хэвлэлд буруу ташаа мэдээлэл задрахаас сэргийлэх зорилготой байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн