Хезболла: АНУ болон Израилийн эсрэг тэмцэнэ

Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ болон Израилийн хамтарсан халдлагын үеэр амь үрэгдсэний дараа “түрэмгийллийн эсрэг тэмцэх” үүргээ үргэлжлүүлнэ гэж Ливаны зэвсэгт бүлэглэл Хезболла мэдэгдлээ. Мөн Хаменеи болон Ираны бусад удирдагчдыг хөнөөсөн уг халдлагыг ноцтой гэмт хэрэг гэж Хезболла нэрлэсэн байна. Тус бүлэглэл ямар ч үнээр хамаагүй АНУ болон Израилийн эсрэг эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж амласан ч одоогоор хариу цохилт өгөөгүй байна.

Харин Ливаны удирдлагууд тайван байдлыг уриалжээ. Ерөнхийлөгч Жозеф Аун дайн, энхийн асуудлыг зөвхөн Ливаны төр шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Наваф Салам мөн Ливаныг дахин мөргөлдөөнд татан оролцуулахгүй байхыг анхааруулж, ард иргэдийг улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг уриалжээ.

Ливан улс Хезболла болон Израилийн хооронд нэг жил үргэлжилсэн дайны дараа сэргээн босголтын шатандаа явж байна. Тус дайн 2024 оны арваннэгдүгээр сард гал зогсоох хэлэлцээрээр дууссан. Гэсэн ч Израиль гал зогсоох гэрээг зөрчин Ливанд цохилт өгсөөр байгаа бөгөөд Ливаны нутаг дэвсгэрт цэргийн хэд хэдэн байрлалаа хадгалсаар байна.

Хезболлагийн дэмжигчид Ням гарагт (2026.03.01) Бейрут хотод олон мянгаараа цугларч, Хаменейгийн дурсгалыг хүндэтгэн гашууджээ. Тэд АНУ болон Израилийн эсрэг уриа хашхирч байсан байна. Цуглаанд оролцсон нэгэн багш Хаменейгийн үхэл маш их гунигтай явдал болсныг хэлээд, үүнийг 2024 онд Израиль Хезболлагийн өмнөх удирдагч Хассан Насраллаг хөнөөсөнтэй адилтгажээ.

Мөн Хезболла өөрсдийн нөлөө бүхий бүс нутгуудад байрлах сүмүүдэд Кораныг уншиж, гашуудлын арга хэмжээ зохион байгуулахыг уриалсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн